Улсын эмнэлгийн хэмжээнд анх удаа нүдний торлог шилэнцэрийн мэс заслыг амжилттай хийлээ

П.Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн нүдний мэс заслын тасгийн хамт олон, БНСУ-ын “Ай чойс ЭЛ-ЭС-ТИ” нүдний эмнэлгийн захирал, профессор Сун Тэк Лим тэргүүтэй мэс заслын багынхантай хамтран Монгол улсын эрүүл мэндийн салбарын хэмжээнд анх удаа улсын эмнэлэг дээр торлог шилэнцрийн мэс заслыг амжилттай хийлээ.

2015 оны 08 сарын 12-ны өдрөөс 08 сарын 15-ны өдрүүдэд хамтран ажилласан хоёр багийнхан торлог шилэнцэрийн эмгэгтэй нийт 25 өвчтөнд үзлэг хийн, зөвөлгөө өгч, мэс заслын тусламж зайлшгүй шаардлагатай байсан 3 иргэнд торлог шилэнцэрийн өндөр өртөгтэй мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийлээ.

Нүдний торлог шилэнцэрийн мэс засал нь хамгийн орчин үеийн технологи бүхий мэс заслын тоног төхөөрөмж дээр суурилан хийгддэг, нарийн мэргэшсэн өндөр ур чадвар шаарддаг, өндөр өртөг бүхий мэс засал бөгөөд өнөөдрийг хүртэл улсын эмнэлэгүүд дээр тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлын улмаас хийх боломжгүй байсан билээ.

Манай улсын хувьд нүдний торлог шилэнцэрийн эмгэгтэй иргэд тус мэс заслын эмчилгээг хийлгэхээр ихэвчлэн гадаадын улс орныг зорьдог байсан бол, 3 жилийн өмнөөс зарим хувийн хэвшлийн эмнэлэгт хийгдэж эхэлсэн бөгөөд өнөөдөр улсын эмнэлгийн хэмжээнд анх удаагаа БНСУ-ын өндөр мэргэшсэн профессорын багтай хамтран хийж эхлүүлж байгаа нь манай иргэд энэ төрлийн өндөр чанартай тусламж үйлчилгээг өөрийн эх орондоо бүрэн авах боломж бүрдэж байна.

2014 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт Америкийн Алкон компаны Констеллэйшн торлог шилэнцэрийн мэс заслын машин, Германы Зайсс компаны Лумера Ай хагалгааны микроскоп, Айридекс компаны эндолазерын аппарат зэрэг торлог шилэнцрийн мэс заслын хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж суурилуулсанаар улсын эмнэлгийн хэмжээнд анх удаа дээрх нарийн төвөгтэй мэс заслыг хийх нөхцөл боломж бүрдсэн юм.

Энэ удаагын хамтын ажиллагааны хүрээнд нүдний шилэнцрийг соруулан, шар толбоны дээрх хальсыг хуулж, шилэнцрийн хөндийд тусгай хий шахах мэс засал, хорт глаукомын үеийн шилэнцэр соруулах мэс засал, дотоод шалтгаант нүдний судаслаг бүрхүүлийн үрэвслийн улмаас бүдэгшсэн шилэнцэр соруулах зэрэг мэс заслуудыг амжилттай хийлээ.

Ийнхүү Улсын Гуравдугаар Төв эмнэлэг дээр торлог шилэнцрийн эмгэгийн мэс заслын чиглэлээр улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлэхүйц техник, тоног төхөөрөмж болон үндэсний мэргэшсэн боловсон хүчний баг бэлтгэгдэж, цаашид энэ чиглэлийн тусламж үйлчилгээг хүн арддаа тасралтгүй үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа нь Монгол улсын Эрүүл мэндийн салбар, ялангуяа Нүд судлалын салбарт гарч буй томоохон амжилт юм.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!