“ХҮН БҮРТ ЭРҮҮЛ ОРЧИН-ЭРҮҮЛ ЗҮРХ“ УРИАН ДОР ДЭЛХИЙН ЗҮРХНИЙ ӨДРӨӨР НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Дэлхий дахинд жил бүр 17.3 сая хүн зүрх судасны өвчний улмаас нас барж байгаа бол зүрх судасны өвчин манай улсад хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны эхний гуравт, сүүлийн 20 жилд нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт, 2013 оны байдлаар нас баралтын 35,1 хувь буюу 3 хүний нэг нь зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаантай, үүний 26,7 хувийг зүрхний шигдээс өвчин эзэлж байна.

2030 он гэхэд дэлхий дахинд зүрх судасны өвчний шалтгаант нас баралт 23 сая хүрч болзошгүй. 2013 оны үндэсний судалгааны дүнгээр 4 хүн тутмын 1 нь хөдөлгөөний хомсдолтой, 54.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай, тамхины хэрэглээ 27.1 хувь, архины хэрэглээ 36.3 хувь, архи хэтрүүлэн хэрэглэгчид 10.3 хувь болон нэмэгдсэн байна.

Дэлхийн зүрхний өдрийг (World Heart Day) Дэлхийн зүрхний холбооны санаачлагаар 1999 онд анх тэмдэглэж эхэлсэн бол ДЭМБ, ЮНЕСКО зэрэг ОУ-ын төв байгууллагуудын дэмжлэгээр жил бүр уламжлал болгон тэмдэглэх болжээ.

Энэ өдрийн үйл ажиллагааны хамгийн гол зорилго нь дэлхий дахинд зүрх-судасны өвчлөлийн цар дэгдэлтээс үүдэлтэй аюулыг нийгэмд илүү сайн ойлгуулах, түүнчлэн бүх хүн амын дунд зүрхний шалтгаант өвчин болон тархины судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч явуулах явдал байдаг.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг “Хүн бүрт Эрүүл орчин-Эрүүл зүрх“ уриан дор явагдсан дэлхийн зүрхний өдөрт зориулж Зүрх судлалын тасгаас нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд оролцсон бүх үйлчлүүлэгч иргэдэд цусны даралтыг хэмжиж, хөдөлгөөний хомсдол, тамхины хорт зуршил зэргийн талаар өртөөлсөн эрсдэлийн үнэлгээг 200 гаруй хүнд, цусан дахь холестерины хэмжээг 30 хүнд тодорхойлж, зөвлөгөө өглөө.

Мөн энгийн иргэдэд зориулан зүрх судасны өвчний үеийн амилуулах суурь тусламж, зүрхэнд массаж хийх техникийн үзүүлэх сургалт, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх видео сургалтууд зохион байгуулагдаж, зүрхний өвчний эрсдэлт хүчин зүйлээс сэргийлэх зөвлөмж 300 гаруй ширхэг, таргалалтын үед хийх дасгал, даралт ихсэх өвчний үед хийх иллэгийн талаарх гарын авлага сургалтын материалыг 80 гаруй хүнд тарааж, зүрхэнд ээлтэй эрүүл зуушны амталгаа явагдлаа.