ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГИЙН ХАМТАРСАН МЭС ЗАСАЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Зүрх судасны үндэсний төв ба зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслийн хүрээнд Зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд урт хугацааны мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэ хамтын ажиллагааны хүрээнд 2022 оны 05 дүгээр сарын 01-нээс 08-ны өдрүүдэд тус эмнэлэгт Люксембургийн Үндэсний Зүрхний Мэс Засал, Зүрхний Эмгэг Судлал, Эмчилгээний Институт (INCCI)-ийн Захирал, Зүрхний мэс засалч Арнауд Шарпентиер доктороор ахлуулсан зүрхний мэс засал, зүрхний эмгэг судлал, болон мэдээгүйжүүлгийн эмч, тоног төхөөрөмжийн инженерийн бүрэлдэхүүнтэй баг уригдан ирж ажиллалаа.

Зочин профессороор ахлуулсан баг хамт олон дээрх хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын багийн тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвөлгөө болон хамтарсан ажлын байрны мэс засал-сургалтыг зохион байгуулж, зүрхний титэм судас нөхөн сэргээх мэс засал, хоёр хавтаст хавхлага солих мэс засал, хоёр хавтаст хавхлага нөхөн сэргээх мэс засал, гол судасны хавхлага солих мэс засал зэрэг нийт 10 эмчлүүлэгчид мэс засал эмчилгээг хийж, өндөр түвшний нарийвчилсан оношилгоо зайлшүй хэрэгцээтэй байгаа 20 гаруй эмчлүүлэчид хамтарсан үзлэг оношилгоо хийлээ.