УГТЭ-ИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮД БӨӨРНИЙ АРТЕРИЙН МЭДРЭЛЖҮҮЛЭЛТИЙГ ТАСЛАХ СУДСАН ДОТУУРХ ЭМЧИЛГЭЭГ АНХ УДАА БИЕ ДААЖ ХИЙЛЭЭ

УГТЭ-ийн ангиографийн оношилгоо эмчилгээний тасаг, зүрхний шигдээсийн тасаг, сэхээн амьдруулах тасаг, зүрх судлалын тасгийн эмч мэргэжилтнүүд эмэнд тэсвэртэй цусны даралт ихсэх өвчтэй өвчтөнд бөөрний артерийн мэдрэлжүүлэлтийг судсан дотуурх мэс заслын аргаар түлж таслах эмчилгээг (Renal Denervation therapy) анх удаа өөрсдөө бие дааж амжилттай хийлээ.

Эмэнд тэсвэртэй цусны даралт ихсэх өвчнөөр олон жил өвдсөн 55 настай эмэгтэйд хийгдсэн уг эмчилгээний дараа эмчлүүлэгчийн цусны даралт тогтвортой буурч, биеийн байдал сайжирснаар эмнэлгээс гарсан байна.

Эмэнд тэсвэртэй цусны даралт ихсэх өвчтэй өвчтөнд бөөрний артерийн мэдрэлжүүлэлтийг судсан дотуурх мэс заслын аргаар түлж таслах эмчилгээ нь симпатик мэдрэлийн үйл ажиллагааны идэвхижлийг бууруулж, цусны даралтыг буулгах, зүрх тэлэгдлийг багасах, сахарын солилцоо, инсулины тэсвэрлэх чадварыг сайжруулах зэргээр эд эрхтэнийг хамгаалж бодисын солилцоог сайжруулах ач холбогдолтой бөгөөд эмийн эмчилгээний зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах давуу талтай юм.