ЗӨВЛӨЕ: Бөөрний өвчний үед ямар ШИНЖ ТЭМДЭГ илэрдэг вэ?

Бөөрний өвчин эмгэг нь хүн амын дунд элбэг тохиолддог, нас баралтын шалтгаанд 3-р байранд орж байгаа бүлэг өвчин юм. 

Дэлхий нийтэд 7 хүний нэгд бөөрний архаг өвчин оношлогдсон байдаг. 3 хүний нэг нь бөөрний өвчнөөр өвдөх өндөр эрсдэлтэй, 5 хүний 2 нь бөөрний өвчинтэй гэдгээ мэдээгүй явж байдаг тоо баримт байна. Бөөрний эмгэгтэй хүмүүсийн 90 хувьд шинж тэмдэг бүдэг байдгаас өвдсөнөө мэдэхгүй, цаг хугацаа алдаж, хүндэрсэн шатандаа оношлогддог. 

Манай орны хувьд бөөрний өвчин эмгэг элбэг тохиолддог, жил бүр бөөрний өвчин эмгэгийн төгсгөлийн шатанд орсон бөөр орлуулах эмчилгээ шаардлагатай хүний тоо өссөөр байна.

Бөөрний өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  1. Шээсний өнгө, үнэр, хэмжээ өөрчлөгдөнө. 
  2. Шээс ойр ойр хүрэх, их эсвэл бага шээх, шөнө шээх, шээс хурц үнэртэй болох, ус шиг цайвраас өтгөн хүрэн кофе, кола шиг өнгөтэй болох, хөөстэй шээх зэрэг шинж илрэнэ.
  3. Хавагнана.
  4. Зовхи нүүр сэлхрэх, хөлөөр хавагнах, тулам болтлоо бүх бие хавагнах, биеийн гадна  хавагнахаас гадна биеийн дотор хөндийнүүдэд шингэн хуримтлах хүртэл их хэмжээтэй хавагнаж болно. Дарахад хонхойж орох, амьсгаадах, жин нэмэгдэх шинжүүд илрэнэ.
  5. Артерийн даралт ихсэлт. 
  6. Толгой өвдөх, хүзүү хөших, нүд бүрэлзэх, дотор муухайрах, зүрх дэлсэх шинжүүд илрэнэ. Хэмжиж үзэхэд даралт ихэссэн байдаг.
  7. Бөөр нуруугаар өвдөнө.
  8. Нуруу бүсэлхийн ар хэсгээр чилж, хөшиж өвдөнө, өвдөлт ууц, хэвлийн 2 хажуу тал, шээлэйн дагуу, давсаг орчмоор дамжиж болно. Өвдөлт нэг талдаа, эсвэл 2 талд байж болно.
  9. Цус багадалт, яс сийрэгжиж хэврэгших, хоолонд дургүйцэх, ядрах, бие загатнах, арьс хуурайших, нойр өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгүүд хожуу үед тохиолдоно.

Хэн бөөрний өвчинд өртөх эрсдэлтэй вэ?

Удмын асуумжтай, таргалалт, чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, зүрх судасны эмгэгтэй хүмүүс бөөрний архаг өвчнөөр илүү өвдөх эрсдэлтэй. Мөн эмэгтэйчүүд биеийн бүтцийн ба дааврын онцлогоос хамаарч эрчүүдээс 3 дахин илүү бөөр шээсний замын халдвараар үүсгэгдсэн үрэвсэлт өвчинд өртдөг. Хоолой байнга өвддөг, шүд хорхойтой, хүйтэн чийгтэй нөхцөлд ажилладаг хүүхэд, залуучууд бөөрний түүдгэнцрийн үрэвсэлт өвчнөөр илүү өвчилдөг.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  1. Амьдралын зөв хэв маяг баримтлах, өдөр бүр 30 минутаас багагүй хугацаанд дасгал хөдөлгөөн хийх, жингээ барих
  2. Зөв хооллох, хангалттай ус уух /өдөрт 8-10 стакан/, давсны хэрэглээг багасгах, жимс ногоо хүнсэндээ түлхүү хэрэглэх
  3. Ханиад томуунаас сэргийлэх, хоолой шүд өвдөхөөс сэргийлэх, биед байгаа архаг халдварын голомтуудыг эмчлүүлэх
  4. Эрт илрүүлэх: Тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, даралт ихсэлт, цусны сахар, өөх тос, бөөрний үйл ажиллагааны шинжилгээнүүд, ЭХО оношлогоо зэргийг  жил бүр хийлгэж байх
  5. Эмчийн зөвлөсөн эмчилгээг хийлгэх, эмийг тогтмол зөв ууж байх зэрэг нь бөөрний өвчнөөр өвчлөх, хүндрэхээс сэргийлэхэд туслана гэж Улсын гуравдугаар төв эмнэлгээс зөвлөв.