УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ “ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЭХ НЬ”

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах олон талт үйл ажиллагаануудын нэг болох хүнд өвчтөний эмнэлэг хүртэлх тээвэрлэлт, эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх үеийн тусламж үйлчилгээг чанаржуулах, болзошгүй эрсдэл ба хожимдлын үнэлгээ, эрт сэрэмжлүүлэх үнэлгээг оновчтой хийх нь нэн чухал. Иймээс эрүүл мэндийн байгууллага хоорондын тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл солилцоог сайжруулах, харилцан уялдаатай ажиллах хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/136, А/344 дүгээр тушаалаар өгсөн чиг үүргийг хэрэгжүүлэн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг чанаржуулах зорилгооор “Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний чанарыг сайжруулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг УГТЭ нь 2022 оны 10 сарын 31, 11 сарын 28-ны өдрүүдэд 2 үе шаттай зохион байгууллаа.

Хоёр дахь шатны хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Эрчимт эмчилгээний салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, Яаралтай тусламжийн салбар зөвлөлийн гишүүн, Монголын Эрчимт эмчилгээний нийгэмлэгийн тэргүүн болон Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв, СХДЭМТ, БГДЭМТ түүний харьяа эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл болох НАТУЛ, НОМУУН эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүд, Чанар, аюулгүй байдлын албаны дарга, менежер нийт 90 гаран эмч мэргэжилтэнийг хамруулсан.

Хэлэлцүүлгийн үед “Эмнэлэг хүртэлх тээвэрлэлт ба эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх журмын хэрэгжилт, хүнд, нэн хүнд, амь тэнссэн байдалтай тус эмнэлэгт хүргэгдэн ирсэн үйлчлүүлэгчдэд үзүүлсэн тусламж үйлчилгээний чанарт хийгдсэн үнэлгээ”, “2022 онд УГТЭ-ийн яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлсэн хүнд, нэн хүнд, амь тэнссэн өвчтөнд үзүүлсэн тусламж үйлчилгээ”, “Эмнэлэг хүртэлх тээвэрлэлт ба эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх журмын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал”, “Тус эмнэлэгт хүнд, нэн хүнд, амь тэнссэн байдалтай тус эмнэлэгт хүргэгдэн ирсэн, бусад эмнэлгээс шилжүүлсэн өвчтөнд 72 цагийн дотор үзүүлсэн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний байдалд хийсэн үнэлгээ”, “Хүнд, нэн хүнд, амь тэнссэн өвчтөнд эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээ, тээвэрлэлт, тулгамдаж буй асуудал”, “Хүнд, нэн хүнд, амь тэнссэн байдалтай өвчтөнд үзүүлсэн яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж, эмнэлэг хооронд шилжүүлэх эсэх асуудлын шийдвэр гаргалт, эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх журмын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдвүүдээр мэдээлэл хийж, харилцан санал солилцлоо.

Уг хэлэлцүүлгээс тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх боломж, гарц, цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлд нээлттэй санал солилцов. Улмаар хүнд, нэн хүнд өвчтөнд газар дээр нь үзүүлэх анхны тусламжийг оновчтой үзүүлэх, эмнэлэг хүртэлх тээвэрлэлт ба эмнэлэг хоорондох шилжүүлэлтийг удирдамж, зааврын дагуу хийснээр болзошгүй эрсдлээс сэргийлэх ач холбогдолтойг онцлон тэмдэглэсэн.

Иймд цаашид бүх түвшинд анхааран эрсдлээс сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах, ялангуяа хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх зэрэг бодлогоор зохицуулах ажлуудыг НЭМГ, Нийслэлийн түргэн тусламжийн төв, салбар зөвлөл, нийгэмлэгүүдээр дамжуулан зохих түвшинд тавих саналуудыг дэвшүүллээ.