ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГТАЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ

Тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын баг өнгөрсөн 10 сарын 02-ноос 10-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн Хүүхдийн цээжний хөндийн мэс заслын Ким Үн Хан профессорын багтай хамтран манай улсад хараахан эмчлэх боломжгүй, зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай байгаа төрөлхийн хавсарсан хүнд гажигтай хүүхдүүдэд өндөр өртөг бүхий мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийж тусламж үйлчилгээ үзүүллээ.

Тус эмнэлэг нь Олон улсын сайн үйлсийн төлөөх төрийн бус байгууллага болох Raphael Foundation байгууллагатай хамтран ажиллах гэрээнийхээ хүрээнд тус байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн хүүхдийн цээжний хөндийн мэс заслын профессорын багийн 5 эмч, 11 сувилагч, 7 техникийн болон туслах ажилтантай мэргэшсэн багийг 3 дахь удаагаа урьж ирүүлэн, амжилттай хамтран ажиллаа.

Энэ өдрүүдэд хамтарсан багийнхан төрөлхийн зүрхний гажгийн мэс засал эмчилгээ нэн шаардлагатай байгаа нийт 79 хүүхдэд үзлэг, 15 хүүхдэд хяналтын зүрхний ЭХО оношилгоо шинжилгээ хийж, 1 сар 14 хоногтой нярай хүүхдээс 15 нас хүртэлх нийт 9 хүүхдэд зүрхний нээлттэй мэс заслыг үнэ төлбөргүй хийлээ.

Энэ удаад хийгдсэн дээрх мэс заслуудад 1 үе шаттай зүрхний дөрвөлсөн гажгийг төгс засах мэс засал, 1 үе шаттай уушгины баруун артерийг дахин тавьж, уушгины артертай холбон ховдол хоорондын таславчийн цоорхойг нөхөх мэс засал, цусны зохиомол эргэлтгүй нөхцөлд нарийсалтыг аортын хиймэл судсаар залгах мэс засал, 2 үе шаттай гол судасны буруу ороолтыг засаж хөнгөвчлөх мэс засал зэрэг 5 тохиолдол нь Монгол улсад анх удаа хийгдэж байгаа төрөлхийн хавсарсан хүнд хэлбэрийн гажгийн мэс засал байсан. Мэс засал эмчилгээний дараа хүүхдүүдийн биеийн байдал тогтворжиж энгийн тасаг руу шилжиж, зарим хүүхэд нь эмнэлгээс гарч гэртээ харьсан байна.

Төрөлхийн зүрхний гажиг өвчтэй нярай хүүхдүүдэд амьдрал бэлэглэх сайн санааны үйлсийг дэмжин, Монгол хүүхдүүдэд эх орондоо чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж хамтран ажилласан Raphael Foundation ОУ-ын Төрийн бус байгууллага болон БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн Хүүхдийн цээжний хөндийн мэс заслын Ким Үн Хан профессорын баг бүрэлдэхүүнд тус эмнэлгийн хамт олон хийгээд эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийнхээ эцэг эх, гэр бүлийнхний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, хойшдын хамтын ажиллагаанд улам их амжилт хүсье.