ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

2015 оны 10 дугаар сарын 15 ны өдөр тус эмнэлэг “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлчилгээний газартай 2015-2016 онд хамтран ажиллах талаар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус хамтын ажиллагааны хүрээнд “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлчилгээний газраас нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан тус эмнэлгийн зүрхний эмгэг судлалын тасгийг шинэчлэн засварлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Улсын гуравдугаар эмнэлгийн зүгээс тус корпорацийн ажилтнуудын дунд амьдралын хэв маягаас үүдэлтэй халдварт бус өвчлөлийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэг үйлчилгээнд хамруулах, эрүүл мэндийн боловсролын зөвлөгөө өгч, мэдээллээр хангах, хэвтэн эмчлүүлэх нөхцлөөр хангах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх болно.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасаг нь Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Люксенбургийн Их Гүнт улсаас хэрэгжүүлж буй цахим эрүүл мэнд МОН/005 төслийн дэмжлэгтэйгээр Зүрхний эмгэг судлалын цахим эрүүл мэндийн болон интервэншл зүрх судасны лавлагаа тусламж үйлчилгээ үзүүлдэг нэгж юм.

Монгол улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх судасны эмгэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд тус эмнэлэгтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн санаачлагаар үйлчлүүлэгчид ая тухтай орчинг бүрдүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлогт тохирсон засвар үйлчилгээг хийж байгаа Төрийн орон сууцны корпорацийн хамт олонд тус эмнэлгээр үйлчлүүлэгчид болон нийт эмч ажилчдынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.