Чанарын өдөрлөг боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сэхээн амьдруулах яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн хамт олон “Хүнд өвчтөний асаргаа, сувилагаа, эмнэлгийн дотоод халдвараас урьдчилан сэргийлэх” сэдэвт чанарын өдөрлөгийг “Цэвэр гар амьдрал аврана” уриатайгаар 2013 оны 04 сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт тус эмнэлгийн тасаг, алба, нэгжүүдийн эмч мэргэжилтэнгүүд оролцлоо.

Эмнэлгийн дотоод халдвар нь эмнэлэгт тусламж, үйлчилгээ авснаас хойш 48 цагаас дээш хугацаанд илэрч байгаа халдвар бөгөөд өвчнийг илүү хүндрүүлэх, үхэл эндэгдэлд хүргэх, эмнэлэгт хэвтэх хугацааг уртасгах, эмчилгээний өртөг зардлыг нэмэгдүүлдэг сөрөг үр дагавартай юм. Хүнд өвчтөнд арьс салст гэмтээсэн олон янзын гуурс эмчилгээнд хэрэглэдэг бөгөөд дархлаа дарангуйлагдсан байдалтай эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлдэг нь эмнэлгийн дотоод халдварт илүү өртөмтгий байдаг ба сүүлийн үед эмнэлгийн дотоод халдвар, нянгийн хоруу чанар антибиотикт тэсвэртэй байдал нэмэгдэж байгаа нь чанарын өдөрлөг зохион байгуулах үндэслэл болж байна.

Уг өдөрлөгийн зорилго нь хүнд өвчтнийг эмнэлгийн дотоод халдвараас урьдчилан сэргийлж байх нь асаргаа сувилгааны нэн тэргүүнд тавигдах явдал юм. Иймд “Эрүүл мэндийн салбарын хариуцлага, хяналтын жил” болон “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулъя “ аянг тохиолдуулан энэхүү өдөрлөгийг зохион байгуулахаар болсон билээ.

Зорилт:

  1. Эмнэлгийн дотоод халдварыг бууруулах чиглэлээр өндөр түвшингийн судлагаагаар нотлогдсон, олон улсад мөрдөж байгаа урьдчилан сэргийлэх зөвлөмж, удирдамжуудыг таниулах.
  2. Халдварын эрсдэлийг бууруулахад зориулан багаж хэрэгсэл, арга аргачлалыг сайжруулах, асуудал дэвшүүлэх.
  3. Эмнэлгийн дотоод халдвараас урьдчилан сэргийлэхэд хувь хүний оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх.