П.Н.Шастины төв эмнэлгийн эмч, ажиллагсадыг хоолын эмчилгээнд хамрууллаа

2012 оны 05 сарын 07-оос эхлэн 06 сарын 05 хүртэл нэг сарын хугацаанд Үйлдварчний Эвлэлийн Хорооноос элэгний өөхлөлтийн хүндэвтэр болон жигд өөхлөлттэй П.Н.Шастины төв эмнэлгийн 20 эмч, ажилтныг эмчилгээний хоолны тасагтай хамтран хоолны эмчилгээнд оруулснаар тодорхой үр дүнгээ өглөө. Эмчилгээний хоолны үйл ажиллагааг Хоол зүйн ухааны магистар Зулгэрэлтэй хамтран хийсэн бөгөөд 9 үндсэн үзүүлэлтээр биеийн байдлыг дүгнэлээ. Үүнд:
  1. Биеийн жин
  2. Биеийн жингийн индекс
  3. Дотор өөхлөлт (%) /10 доош хэвийн, 10-14,5 ердийн, 15 дээш маш их/
  4. Бүсэлхийн өөхлөлт (%)
  5. Биеийн нийт өөхний хэмжээ (%) /дундаж хэмжээ: эм: 25-31, эр: 18-24/
  6. Биологийн наслалт
  7. Булчин масс (%)
  8. Бүсэлхийн тойрон (см)
  9. Өгзөгний тойрон (см) байна.

Эмчилгээний хоолны дараа дахин хэмжилтийг хийж үр дүнг тооцож гаргалаа. Энэхүү үр дүнг дээрх үзүүлэлтүүдээс гадна элэгний өөхлөлтийн ЭХО оношлогооны үндсэн шинжээс голлох элэгний баруун дэлбээний хэмжээ томрох, элэгний судасны зураглал бүдэгших, нягтрал буурах шинжийг сонгон авч шинжиллээ. Эмчилгээний хоолны өмнөх ЭХО оношлогоог эмчилгээний дараах ЭХО оношлогоотой харьцуулан шалгаж үзэхэд элэгний баруун дэлбээ хөндлөнгөөрөө нийт хамрагсадын 50% нь 0,2-07см-ээр багассан, элэгний судасны зураглал бүдэгшилт 62%-д нь арилсан, элэгний нятрал бууралт 67%-д нь тодорсон зэрэг шинжүүд илэрсэн байна. Эдгээрээс дүгнэлт хийхэд архины бус шалтгаант элэгний өөхлөлт нь эмчилгээний хоолны дүнд сайн нөлөө үзүүлж, үр дүн өгч, хүнд өөхлөлтөөс хөнгөн өөхлөтөнд шилжих боломжтой гэж үзлээ.