МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ТАРХИ, МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН АЛБА ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 50 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ

Анагаах ухааны харьцангуй залуу салбар болох мэдрэлийн мэс заслын алба нь манай оронд 1960-аад оноос нэвтэрч эхэлсэн түүхтэй. Анх 1966 оны 10 дугаар сарын 12-нд анхны Мэдрэлийн мэс заслын эмч Ж.Хайрулла нь тархины хавдрыг авах мэс заслыг хийснээр мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээ өнөөг хүртэл хөгжиж эхэлсэн юм.

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь мэдрэлийн мэс заслын алба үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг угтан жил гаруйн өмнөөс төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж ажилласан байна. Тухайлбал: Хөдөө орон нутагт мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний үзлэг оношилгоог зохион байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, мэдрэлийн мэс заслын тасгийн засвар тохижилтын ажлыг гүйцэтгэх, шаардлагтай тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг гадаад дотоодын сургалтанд хамруулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулан ажилласан байна.

УГТЭ-ийн Мэдрэлийн мэс заслын тасаг нь өнөөдөр 48 ортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт 240 гаруй мянган хүнд үйлчилж, 49.893 өвчтнийг хэвтүүлэн эмчилсэнээс 25108 хүнд мэс заслын тусламжийг үзүүлжээ.

Тус тасаг өнөөдөр 110 гаруй оношлогоо, эмчилгээний аргыг нэвтрүүлэн ажиллаж байгаагаас гадна 410 гаруй илтгэл, өгүүлэл дотоод гадаадын хэвлэлд нийтлүүлсэн байна.

Эрүүл мэндийн салбарт хийгдсэн техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн тусламжтайгаар судсан дотуурхи тархины мэс заслын тусламжийг сүүлийн 1 жил гаруй хугацаанд 58 хүнд хийж амь насыг нь аварсан амжилттайгаар түүхт ойгоо угтаж байгаа байна.

2016.10.14-нд “Чингис хаан” зочид буудлын хурлын танхимд Мэдрэлийн мэс заслын алба үүсгэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойд зориусан хүндэтгэлийн арга хэмжээ болон эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож баяр хүргэн үг хэлж Эрүүл мэндийн сайдын мэндчилгээ өргөмжлөлийг гардууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд хот хөдөөгийн 180 эмч, мэргэжилтнүүд оролцсон байна.