“Хүүхдийн зүрх" төслийн нээлт боллоо

Олон улсын ротари клуб, Туул ротари клубын дэмжлэг санхүүжилтээр, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн хамтын оролцоотойгоор “Хүүхдийн зүрх" төсөл Монгол улсад хэрэгжихээр 2013 оны 11 сарын 18-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдмийн зөвлөлийн танхимд нээлтээ хийлээ.

Уг нээлтийн үйл ажиллагаанд Эмнэлгийн дарга АУ-ны доктор Ц.Төмөр-Очир, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл, “Туул ротари” клубын ерөнхийлөгч Х.Жамбалмаа, Ротари 3600 дүүргийн захирал Ким Чан Кеон, тус дүүргийн энэ оны ерөнхий нарийн бичгийн дарга Чан Ян Сэок, тус дүүргийн Ротарис ангийн захирал Хаэ Кон Ох, тус дүүргийн хөтөлбөр хаируцсан захирал Со Вум Ча, Сөүлийн Үндэсний их сургуулийн эмч Ким болон тус эмнэлгийн Зүрхний мэс заслын зөвлөх, Ардын эмч, Доктор, профессор Н.Баасанжав, Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч Анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор Д.Цэгээнжав, бусад эмч нар, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч нарын төлөөлөл оролцлоо.

Монгол улсын талаас ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Цолмонгэрэл үг хэлж гэрээнд гарын үсэг зурлаа. Солонгос улсын талаас Сөүлийн Үндэсний их сургуулийн эмч Ким үг хэлж гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг төслийн хүрээнд ирсэн Зүрхний мэс заслын эмч нарын баг 7 хоногийн хугацаандтайгаар ажиллахдаа зөвхөн нярай хүүхдийн зүрхний мэс заслын эмчилгээ, оношлогоо явуулах бөгөөд төслийн гол зорилго нь Монгол улсад нярай хүүхдийн зүрхний мэс заслын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч мэргэжилтэнг үе шаттайгаар бэлтгэн сургахад оршино.