П.Н.ШАСТИНЫ ГЭР БҮЛЭЭС ЗАХИДАЛ ИРҮҮЛЖЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаныхаа 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийг үүсгэн байгуулахад түүхэн гавъяа байгуулсан П.Н.Шастины үйл хэргийг алдаршуулах үйл ажиллагааг зохин байгуулж байгаа билээ.

Энэ үйл ажиллагааны хүрээнд П.Н.Шастины гуч хүү Николай Павлович Шастин Улсын гуравдугаар төв эмнэлэгт захидал ирүүлжээ. Тэрээр захидалдаа Монгол улсад олон жил ажиллаж өөрийн мэдлэг чадвар, туршлага дадлагаа хүн ардын эрүүл мэндийн төлөө зориулж ирсэн Шастины гэр бүлийн үе үеийн эмч нарын дурсгалыг хүндэтгэн санаж байдагт гүнээ талархаж явдаг тухайгаа онцлон дурджээ. Мөн өөрийн элэнц өвөө Шастиныг Монголчуудын итгэлийг олсон сайн эмч байсан төдийгүй сайн зохион байгуулагч болохоо харуулсан хэмээн бахархаж явдаг тухайгаа дурджээ. Түүний өөрийнх нь аав болох Монголчуудын дунд “Эмч Шастины ач” гэгдсэн Павел Николоевич Шастин мөн 1967-1970 онд Хүүхдийн мэс заслыг хөгжүүлэхээр Монгол улсад томилолт өвөртлөн ирж, хүүхдийн мэс заслын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эмч хүн байсан байна.

Захидал ирүүлсэн гуч хүү Николай Павлович Шастин нь одоо ОХУ-ын Москва хотын тэргүүлэх эмнэлгүүдийн нэг болох Н.Ф.Филатовын нэрэмжит Хүүхдийн эмнэлэгт Хүүхдийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажилладаг юм байна. Тэрээр анагаах ухааны доктор, хүүхдийн үе мөчний гэмтэл согогийг оношлох, эмчлэх чиглэлээр эмчилгээний олон шинэ аргачлал санаачлан нэвтрүүлсэн ОХУ-ын нэр хүндтэй шилдэг эмч нарын нэг юм. Мөн түүний хүү Павел Николаевич нь өнгөрсөн жил их сургууль төгсөж эмч болсон бөгөөд одоо хүүхдийн мэс засалч болохоор нарийн мэргэжлийн сургалтанд суралцаж байгаа юм байна.

Тэрээр захидалынхаа төгсгөлд олон зуун жилийн түүхтэй Орос Монгол улсын найрамдал цэцэглэн хөгжиж, хоёр орны иргэн бүр хөрш орныгоо хайрлан хүндлэх сэтгэлийг зүрхэндээ тээж явах болно гэдэгт итгэдэг хэмээгээд Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдах Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож, илтгэл тавих хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.