Өмнөговь аймгийн ЭМГ-ын эмч мэргэжилтнүүд тус эмнэлэгтэй танилцлаа

2013 оны эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн “Хариуцлага хяналтыг сайжруулах” жилийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, тасаг нэгжийн удирдах ажилтны манлайлах ур чадварыг дээшлүүлэх, удирдлага менежментийн шилдэг туршлага, арга барилд суралцах зорилгоор Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, сум, сум дундын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, их эмч нийт 12 хүнтэй баг 2013 оны 10сар 23, 24-нд тус эмнэлгийн тусламж үйлчилгээний орчин үеийн эмчилгээ оношилгооны шинэ технологи, арга барилтай танилцан туршлага судалж, харилцан санал солилцлоо.

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн салбар байгууллагын төлөөлөгчдийг тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Наранцэцэг, Сургалт судалгаа, эрдэм шинжилгээ хариуцсан орлогч дарга О.Батгэрэл нарын эмнэлгийн захиргааны хамт олон хүлээн авч уулзан, өөрийн эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлсэн эмчилгээ, оношилгооны дэвшилтэд технологийн талаар танилцууллаа.

Танилцах уулзалтын дараа төлөөлөгчид тус эмнэлэгт АНУ-ын “Мянганы Сорилтын Сан”, ДЭМБ-ын санхүүжилт, дэмжлэгтэйгээр нээгдсэн Харвалт, Зүрхний шигдээсийн тасаг, Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасаг гемодиализийн тасаг, сэргээн засах эмчилгээний тасаг, ариутгал халдваргүйтгэлийн тасаг, сувилгааны алба зэрэг тасаг, нэгж албадын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцаж харилцан санал солилцлоо.