“Харвалт ба Зүрхний шигдээс” төслийн үр дүнг цаашид тогтовортой үргэлжлүүлэх талаар уулзалт ярилцлага зохион байгууллаа

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр Монголын “Мянганы Сорилтын Сан”, ДЭМБ-ын санхүүжилт дэмжлэгтэйгээр “Харвалт ба Зүрхний шигдээс” төсөл 2010-2013 онд амжилттай хэрэгжиж дуусч байна. Уг төслийн хүрээнд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр монгол улсын хэмжээнд анх удаа олон улсын түвшинд хүрсэн харвалт, шигдээсийн үеийн тусламж үйлчилгээний лавлагаа тасгууд шинээр байгуулагдаж, тархины харвалт, зүрхний шигдээсийн оношилгоо эмчилгээний зориулалттай компьютерт томографи болон ангиографийн лаборторийн шинэ дэвшилтэд техник технологи нэвтрээд байгаа билээ.

Тус эмнэлэг дээр хэрэгжиж буй “Харвалт ба Зүрхний шигдээс” төслийн үр дүнг цаашид тогтвортой үргэлжлүүлэх, төслийн хүрээнд суурилуулсан өндөр хүчин чадал бүхий эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2013 оны 11 сарын 05-ны өдөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын улс орнуудын дипломат байгууллага, ДЭМБ, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон уулзалт ярилцлагыг зохион байгууллаа.

Уулзалт ярилцлагад Монгол улсын Эрүүд мэндийн яамны дэд сайд Ж.Амарсанаа, ДЭМБын суурин төлөөлөгч доктор Су Нуюнт-У нар үг хэлж, улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир оролцогчдод өөрийн эмнэлгийн үйл ажллагаа, уг төслийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Дипломат байгууллага болон Олон улсын байгууллагын төлөөлөгчид уулзалт ярилцлагын дараа “Харвалт ба Зүрхний шигдээс” төслийн хүрээнд тус эмнэлэг дээр байгуулагдсан харвалт, шигдээсийн тасгууд, Компьютерт томографи болон Ангиографийн оношилгооны хэсгүүд, Сэргээн засах эмчилгээний болон Гемодиализ эмчилгээний тасгийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн үр дүнг тогтовортой үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар санал солилцлоо.