Уушиг судлалын тасгийн 50 жилийн ой боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушиг судлалын тасаг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан “Уушгины эмгэгийн тулгамдсан асуудлууд” сэдэвт сургалт семинар 2013 оны 11 сарын 15 нд тус эмнэлгийн хурлын танхимд боллоо.

Уг семинарт хөдөө орон нутаг, дүүрэг, Улаанбаатар хотын эмнэлгүүдийн уушиг болон дотрын эмч нар оролцсон бөгөөд хуралд нийт 100 орчим эмч нар хүрэлцэн ирлээ.

Хурлыг нээн Эмнэлгийн дарга АУ-ны доктор, Клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очир үг хэлж, “Эмнэлзүйн уушиг судлалын хөгжлийн асуудалд” сэдэвт илтгэл тавилаа.

Үүний дараа “Агаарын бохирдол ба амьсгалын эрхтэн системийн хамаарал” сэдэвт илтгэлийг АУ-ны доктор, профессор Н.Сайжаа, “Агаарын бохирдол ба Уушигны эмгэг” сэдэвт илтгэлийг АУ-ны доктор, дэд профессор Д.Ичинноров, “Уушигны эмгэгийн рентген, радиологи оношлогоо” сэдэвт илтгэлийг АУ-ны доктор, клиникийн ба дэд профессор, дүрс оношлогооны зөвлөх зэргийн эмч Ц.Бадамсэд, “Амьсгалын эрхтний мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэг” сэдэвт илтгэлийг Мэргэжлээс шалтгаалах төвийн их эмч н.Хишигжаргал, “Уушигны хавдрын орчин үеийн оношлогоо, ялган оношлогоо“ АУ-ны доктор н.Эрдэнэбулган, “Сүрьеэ өвчний орчин үеийн оношлогоо, ялган оношлогоо” сэдэвт илтгэлийг МУ-ын Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор С.Энхтуяа, “Уушигны завсрын эдийн эмгэг“ сэдэвт илтгэлийг АУ-ны доктор, дэд профессор Д.Ичинноров, “Уушигны архаг бөглөрөлт өвчний оношлогоо, эмчилгээний удирдамж, хэрэглээ” сэдэвт илтгэлийг МУ-ын Тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор , АУ-ны магистр Д.Удвал, “Уушгины архаг бөглөрөлт өвчний сэдрэлийн үед системийн болон цацлагын кортикостероид хэрэглэсэн харьцуулсан үр дүн” сэдэвт илтгэлийг Уушиг судлалын тасгийн эрхлэгч, МУ-ын тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр П.Одончимэг, “Мэс засал хийгдсэн уушигны жижиг бус эрт хавдрын тавилан болон эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд ERCC-1 хавдрын биомаркерын ач холбогдол” сэдэвт илтгэлийг АУ-ны доктор ЭМШУИС- ийн Уушигны эмгэг судлалын тэнхимийн багш Ц.Маналжав тус тус уншиж танилцууллаа.