Эрүүл мэндийн сайд манай эмнэлэгт ажиллав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр буюу 2013 оны 11 сарын 25-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ирж тус эмнэлэгтэй 11 жилийн турш хамтран ажиллаж байгаа Япон улсын “Heart saving project” буюу “Зүрхээ хамгаалъя сан”-ийн шугамаар ирсэн Монгол улсын зүрх судасны гажигтай бага насны хүүхдэд судсан дотуур мэс ажилбар хийх тусламжийг үзүүлж байгаа Япон улсын эмч нарын багийн ахлагч Haneda, Tomita, Higaki нарт Эрүүл мэндийн яамны "Хүндэт тэмдэг"-ийг гардууллаа.

Энэ удаа Японы эмч нарын баг зүрхний гажигтай бага насны нийт 29 хүүхдэд судсан дотуурх мэс заслыг хийх юм. “Зүрхээ хамгаалъя сан”-ийн хүрээнд 11 жилийн хугацаанд манай орны бага насны зүрхний гажигтай хүүхдүүдэд эмнэлгийн төгс тусламжийг үзүүлж олон арван хүүхдийн амь насыг аврах, зарим гадаадад эмчлэгдэх хүүхдүүдийг эх оронд нь үнэ төлбөргүй тусламж үйлчилгээг үзүүлж байгаа нь өндөр ач холбогдолтай юм.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал эмнэлгийн захиргаа удирдлагуудтай уулзаж тус эмнэлгийн одоогийн тулгамдаж буй асуудлууд болон цаашдын хөгжлийн чиг хандлага, Эрүүл мэндийн сайдын суурь шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийн явц, иргэд үйлчлүүлэгчдэд тус эмнэлгийн үзүүлж буй лавлагаа зэрэглэлийн тусламж үйлчилгээг хүндрэл, чирэгдэлгүй үзүүлэх зэрэг асуудлуудаар санал солилцон зөвөлгөө өгөв.

Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус эмнэлгийн зарим тасаг, нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал “Харвалт ба шигдээс” төслийн хүрээнд байгуулагдсан Харвалт, Шигдээсийн тасгууд, Ангиограф, Компьютер томографийн лабораториудтай танилцлаа.

Саяхан олон улсын ротари клуб болон Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад хэрэгжиж буй “Хүүхдийн зүрх" төслийн шугамаар тус эмнэлэг дээр 5 сараас 1,4 настай нярай болон бага насны 10 хүүхдүүдэд зүрхний мэс заслын эмчилгээг төслийн эмч нарын багтай хамтран тус эмнэлгийн зүрхний мэс заслын хамт олон ажмжилттай хийж гүйцэтгэлээ. Энэ үйл ажиллагаа нь Монгол улсад анх удаа нярай хүүхдийн хавсарсан хүнд зүрхний гажгийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр эх оронд нь хийснээрээ онцлог юм. Эрүүл мэндийн сайд Н.Удвал эдгээр хүүхдүүдийн биеийн байдалтай танилцаж, эцэг эх, ар гэрийнхэнтэй нь уулзаж санал солилцлоо.