ШАСТИНЧУУД ЭРДМЭЭРЭЭ ГОЁЛОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эрдмийн чуулган-2017” уламжлалт эрдэм шинжилгээний хурлаа 2016 оны 03 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан эрдмийн чуулганд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ судалгааны 46 өгүүлэл, 13 ховор тохиолдол, 17 онолын лекц, 2 шинэ технологийн материал ирүүлж оролцлоо.
Энэ удаагийн эрдмийн чуулганы үндсэн илтгэлийг МАУА-ийн Академич, Ардын багш, Монгол улсын хүний гавьяат эмч, АУ-ны доктор профессор, тус эмнэлгийн Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлалын тасгийн зөвлөх эмч Х.Гэлэгжамц “Бөөрний архаг өвчний зарим асуудал” сэдвээр уншиж сонордууллаа. 

 Энэ удаа эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс шилдэг 9 бүтээлийг аман илтгэл, 4 бүтээлийг ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, тус эмнэлгийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнтэй шүүгчийн комисс судалгааны ажлын чанар үр дүн, шинэлэг тал, эмнэлзүйн ач холбогдол, илтгэгчийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж шалгарууллаа.
Ингээд тэргүүн байрыг Д.Батнаран, Е.Досжан, Х.Мөнгөн-Өлзий, Б.Бямбажамц, Э.Бямбажав, П.Амаржаргал, Ц.Саруул нарын тус эмнэлгийн зүрхний хэм алдагдлын багийн “Ховдлын дээрх тахикардийн радио-долгионт катетр эмчилгээний үр дүнг судалсан нь” судалгаа, дэд байрыг Д.Хишгээ, Д.Бадамсүрэн, Н.Бира, А.Баярзаяа, Б.Баттүвшин, О.Ариунбилэг, М.Энх-Өлзий, О.Цэвээндарь, Н.Энхжаргал нарын “Элэгний фиброзын үеийн цус бүлэгнэлтийн тогтолцооны хямралыг судалсан дүн” судалгаа, гутгаар байрыг Н.Баасанжав, Ц.Даваацэрэн, Д.Бат-Ундрал, Т.Баяраа нарын “Зүрхний хиймэл механик хавхлага суулгах мэс заслын эмчилгээний ойрын болон алсын үр дүнг судалсан нь” сэдэвт судалгаанууд эзэлж тус бүр өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Мөн Г. Байгалмаа, Э. Дэлгэр-Ууган, Н. Лхамцоо, Ж. Ариунаа нарын “Зүрхний тосгуурын миксомын шалтгаант тархины шигдээс: Эмнэлзүйн тохиолдол” сэдэвт судалгаа шилдэг ханын илтгэлийн төрөлд шалгарлаа. Эрдмийн чуулганд ирүүлсэн нийт бүтээлүүдийг “Эрдмийн Чуулган-2017” товхимол болгон хэвлүүлж эмнэлгийн эрдэм шинжилгээний цахим санд байршууллаа.

“Эрдмийн Чуулган-2017” эрдэм шинжилгээний хурлын ерөнхий зохион байгуулагчаар ажилласан С.Оюунгэрэл эрхлэгчтэй Бөөр дотоод шүүрлийн эрхтэн судлалын тасгийн нийт хамт олон, эрдмийн чуулганд оюуны бүтээлийг дэмжиж хамтарч ажилласан Денк Фарм, Новартис, Монфа ХХК-ийн хамт олонд тус эмнэлгийн нийт хамт олон, удирдлагын зүгээс гүн талархал илэрхийлье.