РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН “СУДЛААЧ – 2017” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ V ДАХЬ УДААГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлэг төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа нийт резидент болон төрөлжсөн мэргэжлийн эмч нарынхаа дунд “Судлаач—2017” уламжлалт эрдэм шинжилгээний V хурлаа 2017 оны 05 сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 
Төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж буй резидент болон төрөлжсөн мэргэжлийн эмч мэргэжилтнүүдийнхээ эрдэм шинжилгээ судалгааны ажлыг дэмжих, эмнэлзүйн судалгааны арга барил эзэмшүүлэх, залгамж халаа болсон залуу эмч нарыгаа судлаач сэтгэлгээтэй болгон хөгжүүлэх, тэдэнд нотолгоонд суурилсан эмнэлзүйн шийдвэр гаргах чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг дээрх эрдэм шинжилгээний хуралд тус эмнэлгийн болон УНТЭ, АШУҮИС, Ач АУИС зэрэг бусад сургалт эрхлэгч байгууллага, их дээд сургуулийн резидент эмч нар өөрсдийн эрдэм шинжилгээ судалгааны 26 өгүүлэл, 7 ховор тохиолдол, 1 онолын лекцийн материал ирүүлж оролцлоо.

Энэ удаагийн хурлын түлхүүр илтгэлийг Монголын Оюун Ухааны Академийн захирал, ой тогтоолтын мастер, олон улсын шүүгч Х.Хатанбаатар “Тархиа үр дүнтэй ашиглах нь” сэдвээр уншиж сонордуулсан нь маш сонирхолтой байлаа. Ингээд резидент эмч нарын ирүүлсэн бүтээлээс шалгарсан 9 илтгэл аман хэлбэрээр танилцуулагдаж тэргүүн байранд тус эмнэлгийн дотрын чиглэлийн резидент эмч Х.Дашдэмбэрэл, Ч.Сүрэнжав, П.Солонго нарын “Цахилгаан кардиоверси эмчилгээний дараа дахисан тосгуурын жирвэгнээт хэм алдагдал болон зүрхний хэт авиан шинжилгээний зүүн тосгуурын хэмжилт хоорондын хамаарал” илтгэл, дэд байранд АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхим болон тус эмнэлгийн дүрс оношилгооны чиглэлийн резидент эмч Б.Дамбажав, Ц.Буянхишиг, Ц.Одончимэг нарын “Гавал тархины цочмог цус хомсрох харвалтын перфузийн компьютерт томографи оношилгооны асуудалд” илтгэл, гутгаар байранд АШУҮИС-ийн сургуулийн резидент эмч Г.Нархажид, Т.Баясгалан, Э.Солонго, Э.Булган нарын “Триглицерид, их нягтралтай липопротеины харьцааг инсулинд дөжрөлийн эмнэлзүйн шинжүүдтэй харьцуулан судлах нь” илтгэлүүд, “Шилдэг ханын илтгэл”-ээр тус эмнэлгийн дүрс оношилгооны чиглэлийн резидент эмч Б.Уянгын “Тархинд үсэрхийлсэн хорионэпителиома” илтгэлүүд тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
“Судлаач – 2017” эрдэм шинжилгээний V дахь удаагийн хуралд идэвхитэй, оролцсон УНТЭ, АШУҮИС, Ач АУИС, тус эмнэлгийн нийт резидент эмч, удирдагч багш нар, хурлын үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар санаачлага зүтгэлтэй ажилласан тус эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн хамт олон, сургалт судалгаа хамтын ажиллагааны алба, Эрдмийн зөвлөл болон оюуны бүтээлийг ивээн тэтгэж хамтран ажилласан байгууллага хувь хүмүүст эмнэлгийн захиргааны нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүлье.