ОЮУНЛАГ ШАСТИНЧУУД ЭРДМИЙН ЧУУЛГАНАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Олон улсын эмч нарын өдөрт зориулсан “Эрдмийн чуулган-2018” уламжлалт эрдэм шинжилгээний хурлаа 2018 оны 03 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, судлаач сэтгэлгээг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн эрдмийн чуулганд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ судалгааны 61 өгүүлэл, 23 ховор тохиолдол, 18 онолын сэдэв бүхий бүтээлээ ирүүлж оролцлоо.

Энэ удаагийн “Эрдмийн Чуулган - 2018” эрдэм шинжилгээний хурлын Үндсэн илтгэлийг АУ-ны  доктор, дэд профессор, зөвлөх зэргийн эмч, УГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очир “Цээжний хэт авиан шинжилгээний эмнэлзүйн ач холбогдол, орчин үеийн чиг хандлага” сэдвээр уншиж сонордууллаа. Эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс шилдэг 12 бүтээлийг аман илтгэл, 10 бүтээлийг ханын илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, судалгааны ажлын чанар үр дүн, шинэлэг тал, эмнэлзүйн ач холбогдол, илтгэгчийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж шалгарууллаа.

2018 оны энэхүү Эрдмийн Чуулганы Тэргүүн байрыг Р.Болдбат, Б.Оюун, Г.Амаржаргал, Ц.Энхтуул, Г.Цэрэнчунт нарын “Гавлын доторх артерийн аневризм ба түүний хүндрэлийг оношлох асуудалд” сэдэвт судалгаа, Дэд байрыг Б.Дэмбэрэлмаа, Т.Эрдэнэчимэг, П.Уугантуяа, Ш.Энх-Амгалан, Д.Цагаан, Б.Долгоржав, Ж.Халиуна, Д.Хулан, Н.Баярмаа нарын “Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн  хэвтэн эмчлүүлэгчдийн нян судлалын шинжилгээний бүтцийг тодорхойлох, антибиотик тэсвэржилтийн байдал” сэдэвт судалгаа, Гутгаар байрыг Д.Хишгээ, О.Цэвээндарь, М.Энх-Өлзий, О.Аззаяа, Ц.Буянхишиг нарын “Ходоод дээд гэдэсний шархны давтан цус алдалтанд нөлөөлж буй эрсдлийг судласан дүн” сэдэвт судалгаа, Тусгай байрыг Г.Байгалмаа, Г.Цагаанхүү нарын “Гүрээний дотор артерийн гавлын гаднах хэсгийн шинж тэмдэгтэй ба шинж тэмдэггүй бөглөрлийг дуплекс сонографийн аргаар судалсан дүн”, До.Болормаа, С.Оюунгэрэл, Э.Мөнгөнтуул нарын “Хордлогын шалтгаант бөөрний цочмог дутагдал болон элэгний ферментийн идэвхижлийн хамаарлыг Хятад анагаах ухааны онолоор тайлбарлах нь” сэдэвт судалгааны бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, гадаад улсад богино хугацааны сургалтад хамрагдах эрхийн бичиг,  хүртлээ.

Мөн О.Цэцгээ, П.Алтанцэцэг, Г.Эрдэнэбат нарын “Аалзавч дорх цус харвалт, тархины судасны цүлхэнд хавчаар тавих мэс ажилбарын дараах эрчимт эмчилгээнд судасны агчлын эмчилгээний үр дүнг доплерографаар хянасан байдал”, Ж.Эрдэнэсүрэн, С.Нямсүрэн, Р.Энхдорж, Dr. Li.Yongjun, З.Лхагвасүрэн, Х.Мөнгөн-Өлзий, Г.Ундармаа, Н.Дэмид-Од, Ц.Бадамсэд, С.Жаргалсайхан нарын “Гол судасны нумын цүлхэний гибрид мэс засал”, Ц.Бадамсэд, С.Сайнтэгш, Б.Дэлгэрмаа, Г.Намнанжанцан, Б.Дөлбадрах,  Д.Нүрдэв нарын “Баруун уушгины дээд дэлбэнгийн анхдагч хориокарцинома” сэдэвт тохиолдлын судалгаанууд “Шилдэг ханын илтгэл”-ийн төрөлд шалгарлаа. Эрдмийн чуулганд ирүүлсэн нийт бүтээлүүдийг “Эрдмийн Чуулган-2018” товхимол болгон хэвлүүлж эмнэлгийн эрдэм шинжилгээний цахим санд байршууллаа.

“Эрдмийн Чуулган-2018” эрдэм шинжилгээний хурлын ерөнхий зохион байгуулагчаар ажилласан Ж.Ганбаатар эрхлэгчтэй Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, О.Янжив эрхлэгчтэй Яаралтай тусламжийн тасгийн нийт хамт олон, эрдмийн чуулганд оюуны бүтээлийг дэмжиж хамтарч ажилласан Денк Фарм ХХК, Полисан ХХК, Монфа ХХК, Takeda, KRK, Чоногол ХХК-ийн хамт олонд тус эмнэлгийн нийт хамт олон, удирдлагын зүгээс талархал илэрхийлж байна.