СҮРЬЕЭ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР

Сүрьеэ өвчинтэй тэмцэх үйл хэрэгт олон нийтийн анхаарлыг хандуулах, хүн бүрийн хүчин чармайлт чухал гэдгийг сурталчлан таниулах зорилгоор дэлхийн улс орнууд 1998 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 24-нд “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэсээр иржээ. 2018 оны “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээрээ “Манлайлагчдыг хайж байна... Сүрьеэг устгая.Та ч байж болно.Түүхийг бүтээ!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд тус өдрийг тохиолдуулан Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушиг судлалын тасгаас иргэд, үйлчлүүлэгчдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд 80 орчим  үйлчлүүлэгчид хамрагдаж, сүрьеэгийн халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх, уг өвчний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх талаар сургалт, мэдээлэл явуулж, сүрьеэ  өвчний талаарх богино хэмжээний видео киног үзүүлж, 2 төрлийн гарын авлага бэлтгэн тараасан. Мөн сүрьеэгийн халдвар авах өндөр эрсдэлтэй тасаг, нэгжүүдийн эмч ажилчдыг уушгины рентгэн шинжилгээнд хамруулж, сэжигтэй тохиолдлыг Сүрьеэгийн зөвлөх эмчид үзүүлж, нарийвчилсан шинжилгээнд хамрууллаа.