ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХҮН БҮРТ УРИАН ДОР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлэг жил бүр Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тухайн жилийн уриа, сэдэв дор үйлчлүүлэгч иргэд, эмнэлгийн эмч ажилчдынаа дунд өдөрлөг, аян хэлбэрээр зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ 2018 оны Дэлхийн Эрүүл Мэндийн өдрийг “Эрүүл мэндийг хүн бүрт” уриан дор өдөрлөг хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус эмнэлэг 2018 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг угтан 04 сарын  06-ны  өдөр БГД-ийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн бага ангийн багш нарт “Чихрийн шижин өвчний тухай ойлголт ба түүнээс сэргийлэх нь” сэдэвт эрүүл мэндийн мэдээлэл боловсрол олгох сургалтыг зохион байгуулж, бага бүлгийн нийт 30 багшид  биеийн жин, өндөр, БЖИ, бүсэлхийн тойрог, цусны даралт хэмжин чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээ хийж, захын цусанд глюкоз тодорхойлон дотоод шүүрлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг өгөв. Мөн  “Чихрийн шижин өвчний үеийн эмчилгээний хоол”, “Цусанд сахар багасах”, “Цусанд сахар ихсэх”, “Таргалалт”, “Хөлний хүндрэлээс урьдчилан сэргийлэх“ сэдэвт 5 төрлийн гарын авлагыг 100 ш бэлтгэн түгээсэн. Мөн Япон монголын хамтарсан “Номт наран” ерөнхий боловсролын 5-р ангийн сурагчдад “Амны хөндийн эрүүл ахуй” сэдвээр сургалт хийж, “Хүүхдийн шүд цоорох өвчний урьдчилан сэргийлэлт” номыг 24 ширхэгийг сургуульд нь бэлэглсэн.

2018 оны 04 сарын  06-ны  өглөө эмнэлгийн төв үүднээс иргэд, үйлчлүүэлгч, эмч, ажилчдаа угтан дэлхийн эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаанд идэвхитэй нэгдэхийг уриалан, 10 цагаас эхлэн Зөвлөх Поликлиникт “Эрүүл мэндийг хүн бүрт” өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж, “Тархины харвалтаас сэргийлье”, “Зохистой хооллолт” сэдэвт сургалт хичээл, харвалт, чихрийн шижин, цусны даралт ихсэлтийн эрсдлийн үнэлгээг хийж, хүн бүрт эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Мөн тус эмнэлгийн эмчилгээний хоолонд хэрэглэгдэж байгаа хүнсний 15 зүйлийн нарийн ногоо, тэдгээрийн боловсруулалт, хэрэглэх арга, хоол эмчилгээнд хэрхэн бэлтгэх зэргийг харуулсан үзэсгэлэн гаргаж иргэд үйлчлүүлэгчдэд тайлбарлан танилцуулж, “Хүнсний ногооны ашиг тус”, “Хүрэн манжингийн шүүс бэлтгэх”, “Нарийн ногоонууд” гэсэн 3 төрлийн  зөвлөмжийг хүргэлээ. Дэлхийн эрүүл мэндийн өдрийн үйл ажиллагаанд нийт 500 гаруй үйлчлүүлэгч иргэд, эмч, ажилчид, сурагч, багш нар оролцож, 6 төрлийн гарын авлага материаллыг 500 ш түгээн сурталчиллаа.