“АНГЛИ ХЭЛ ХЭРХЭН ХУРДАН СУРАХ ВЭ?” СЭДВЭЭР СОНИРХОЛТОЙ ЛЕКЦ УНШЛАА

2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар “FARO education” англи хэлний сургалтын төвийн захирал, багш Б.Идэр-Од тус эмнэлгийн эмч нарын өглөөний ярианд ирж оролцон “Англи хэлийг хэрхэн хурдан сурах вэ?” сэдвээр маш сонирхолтой бөгөөд үр дүнтэй яриа хийж өглөө. Тус эмнэлэг өнгөрсөн жилээс эхлэн Монголын нийгэм эдийн засгийн салбарт амжилт олсон олны танил хувь хүн, байгууллага, үндэсний томоохон аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг урьж, 14 хоног тутамд эмч мэргэжилтнүүдээ хөгжүүлэхэд чиглэсэн сургалт, яриа хийлгэж, туршлага судлан хамтран суралцах хөтөлбөр хэрэгжүүлж буй юм.

Энэ удаагийн ярианд уригдсан Б.Идэр-Од багш маань АНУ-ын Канзасын Их Сургуульд бүрэн тэтгэлэгтэйгээр суралцаж, нисэхийн инженер мэргэжил эзэмшиж, Монголд “CallPro LLC” компанийг үүсгэн байгуулсан энтерпрайнер нэгэн бөгөөд түүнийг бас комедигийн Идэрээ, технологийн салбарт цахиур хагалж яваа залуусын нэг гэдгээр нь хүмүүс сайн мэддэг юм.

Бидний урилгыг хүлээн авч англи хэлийг хөгжилтэйгөөр, асар богино хугацаанд, хялбараар өөрийн болгож сурах маш сонирхолтой аргын талаар үр дүнтэй яриа сонордуулсан “FARO education” англи хэлний сургалтын төвийн захирал, багш Б.Идэр-Одтой танд УГТЭ-ийн эмч эмнэлгийн мэргэжилтэн, хамт олныхоо нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.