VOICE” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Д.ОТГОНЖАРГАЛ УГТЭ-ИЙН “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОО

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь Олон улсын Сувилагчдын өдрийг угтсан сарын аяны хүрээнд Сувилагч мэргэжилтний өдөр тутмын үйл ажиллагаа, сувилагчийн мэргэжил, ажлын байрны онцлогийг энгийн иргэд, үйлчлүүлэгч, олон нийтэд таниулан сурталчлах зорилгоор “СУВИЛАГЧИЙН НЭГ ӨДӨР” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү “Сувилагчийн нэг өдөр” хөтөлбөрт оролцох бидний уриалгыг сэтгэл гарган дэмжиж, өөрийн хүсэл сэтгэлээр оролцсон хамгийн эхний оролцогч маань Улсын Филермоны гоцлол дуучин, Voice хамтлагийн гоцлол дуучин, Соёлын Тэргүүний ажилтан  Д.Отгонжаргал байсан юм. Дуучин маань 2018 оны 04-р сарын 11-ны өдөр тус эмнэлгийн эрчимт эмчилгээний сувилагч мэргэжилтний өдөр тутмын асран сувилах үйл ажиллагаанд биеэр оролцож, сувилагч мэргэжилтнүүдийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг болохыг зүрхний шигдээс, тархины харвалт, эрчимт эмчилгээний тасгуудын сувилагч мэргэжилтнүүдтэй хамтдаа ажиллангаа  эмнэлгийн байгууллага дахь сувилахуйн тусламж үйлчилгээний бодит дүр төрхтэй танилцсан юм.

Сувилагч мэргэжилтний элч төлөөлөгч болж сувилагч мэргэжилтний өдөр тутмын үйл ажиллагаа, мэргэжлийн онцлогийг иргэд олон нийтэд таниулж сурталчлах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан Дуучин Д.Отгонжаргалдаа эмнэлгийнхээ нийт сувилагч мэргэжилтнүүд, хамт олныхоо нэрийн мөнөөс гүн талархал илрэхийлж, урлагын их үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе.  Д.Отгонжаргал дуучны маань тус эмнэлэг дээр ажиллаж өнгөрүүлсэн “Сувилагчийн нэг өдөр” хөтөлбөрийн хүрээнд сувилагч хүний мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, багийн хамтын ажиллагаа, сувилагч болон эмчлүүлэгч үйлчлүүлэгчийн хоорондын харилцаа, сувилагчийн ажил мэргэжлийн онцлогийг харуулсан телевизийн нэвтрүүлэг тун удахгүй Монголын Үндэсний Олон Нийтийн радио телевизээр цацагдах болно.