Люксембургийн эрүүл мэндийн төслөөр зүрхний мэс заслын сургалт явуулж, мэс засал хийлээ

Люксембургийн Их Гүнт улсын буцалтгүй тусламжаар хэрэгждэг “Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжилт” төслийн үйл ажиллагааны хүрээнд “Люксембургийн зүрхний мэс засал, интервеншнл кардиологийн институт Зүрхний Төв”-өөс зүрхний мэс заслын баг манай улсад хүрэлцэн иржээ.
Тус багийн эмч нар П.Н.Шастины Нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг (ШУГТЭ) дээр сургалт - мэс заслыг 2014 оны 05 сар 18-23-ны өдрүүдэд амжилттай явуулж дууслаа.

Дээрхи ажлын хүрээнд зүрхний хавхлагын гажиг өвчний мэс заслын эмчилгээнд хавхлага засах мэс заслын шинэ технологийг нутагшуулан дотоодын мэргэжилтнүүдийг сургах, цаашид зүрхний мэс засалд шаардлагатай шинэ техник тоног төхөөрөмжүүдийг суурилуулан ашиглалтанд оруулах, иргэдэд өртөг өндөртэй зүрхний мэс заслыг үнэ төлбөргүй хийх үндсэн зорилготой байсан бөгөөд 100% амжилттай зорилгоо биелүүллээ.

Зүрхний мэс засал нь өртөг өндөртэй, ур чадвар болон нөхцөл, хэрэглэгдхүүний хувьд олон улсын зүрхний мэс заслын стандартыг биелүүлэхийг хатуу шаарддаг салбар бөгөөд манай улсад 1968 оноос хойш хүүхдийн төрөлхийн гажгийн, олдмол зүрхний гажгийн болон зүрхний болон том судасны мэс заслууд хийгдсээр ирсэн. 2012 оноос Люксембургийн эрүүл мэндийн төслийн хүрээнд зүрхний мэс заслыг хөгжүүлэхэд дорвитой шинэчлэл хийгдэж байгааг товч дурдвал:

  • 2.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий мэс заслын өрөөний болон эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэл,
  • эмч мэрэгжилтнүдийн дотоодын болон гадаадын сургалтууд,
  • Монголд ажлын байран дээр хийгдэх сургалт-мэс заслын зардал,
  • мэс заслын өрөө блокийн засвар зэрэгт нийт 5 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулан хйигдэж байна.

Төслийн хүрээнд зүрхний мэс заслыг хөгжүүлэн олон улсын стандартад нийцүүлэх үйл ажиллагааны үр дүнд иргэд Монголдоо зүрх судасны мэс заслын чиглэлээр чанартай үйлчилгээг авах бүрэн боломжтой болох юм.