Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн сэргээн засах эмчилгээний сургалт зохион байгуулж, тоног төхөөрөмж хандивлав

БНСУ-ын Ионсей их сургуулийн Ганнам Северенси эмнэлгийн Уушигны сэргээн засах төв, Монголын Бие Бялдар Сэргээн Засах Судлалын Монголын нийгэмлэг болон Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтарч “Амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгийн сэргээн засах эмчилгээ” сэдвээр ЭМЯ-ны харьяа Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн эмнэлэг болон хувийн эмнэлгийн сэргээн засах тасгийн эмч нарын дунд 2014 оны 05сар 24-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Тус сургалтыг БНСУ-ын Ионсей их сургуулийн Ганнам Северенси эмнэлгийн Уушигны сэргээн засах төвийн эрхлэгч, Ази тивийн сэргээн засах нийгэмлэгийн сургалт хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн Профессор Seong Woong Kang, Ионсей их сургуулийн Ганнам Северенси эмнэлгийн дэд профессор Whon Ai Choi нар удирдаж явуулав.

Сургалтаар нуруу нугасны эмгэгийн үеийн амьсгалын сэргээн засах эмчилгээ, уушигны архаг бөглөрөлтөт өвчний үеийн амьсгал дэмжих, цэр гадагшлуулах арга техникийн талаар лекц уншиж, амьсгалын эрхтний сэргээн засах эмчилгээнд орчин үед ашиглагдаж байгаа аппарат тоног төхөөрөмж, түүнийг ашиглах тухай семинар хичээл явагдлаа. Ионсей их сургуулийн профессорууд тус сургалтад ашиглагдсан Philips фирмийн Lifecare PLV100 маркийн Зөөврийн хиймэл амьсгалын аппарат, амьсгал дэмжигч CNS-100 зэрэг нийт 13 мянга орчим долларын өртөг бүхий аппарат техник хэрэгслийг Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Сэргээн засах тасагт хандив болгон үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө.