МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА

2015 оны 2дугаарсар 13 өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Пунцагийн Цагаан, Монгол Улсын их хурлийн гишүүн Салдангийн Одонтуяа, Монгол улсын засгийн газрын гишүүн Эрүүл мэнд Спортын яамны сайд Ганхуягийн Шийлэгдамба, Эрүүл мэнд, спортын яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Рагчаагийн Оюунханд, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Дэлгэрийн Дэлгэрбат нарын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн түүхт 60 жилийн ойг тохиолдуулан “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол улсын хүн ардын эрүүл энхийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, нэгэн жарны турш өөрсдийн мэдлэг, боловсрол, авьяас чадвараа дайчлан ажилласан тус эмнэлгийн үе үеийн хамт олны хичээл зүтгэлийг үнэлж монгол улсын төрийн дээд одон-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г тус эмнэлгийн туганд зүүж өгсөний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Пунцагийн Цагаан баяр үргэж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн даалгавраар гардуулж өгөх хүндтэй үүрэг хүлээсэндээ баяртай байна. Энэхүү төрийн дээд одон бол тус эмнэлэгт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, эмч, сувилагч нар, нийт ажиллаж байсан хүмүүс, одоо ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг монголын төр өндрөөр үнэлсний илрэл юм. Энэ нь та бүхнийг бүгдийг нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасантай утга нэг юм шүү. Та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гуравдугаар эмнэлгийг мэдэхгүй монгол хүн гэж байдаггүй. Энэ эмнэлгийн нэр алдар нь дандаа сайнаар, сайхнаар дуудагддаг. Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зүтгэж ирсэн алтан гартай та бүхний хөдөлмөр, бүтээл, зүтгэлийг төр засаг тань өндрөөр үнэлж байна. Энэхүү шагналын тал нь магадгүй та бүхний ирэх он жилүүдэд хийх бүтээх ажилд тань олгож буй шагнал юм гэж ойлгох хэрэгтэй. Монгол иргэн хүн бүрт эх оронд нь бүрэн чанартай эмнэлгийн тусламж тусламжийг үзүүлж чаддаг болтолоо Монгол улсын эмнэлгүүд, Эрүүл мэндийн салбар хөгжих ёстой. Үүнд салбартаа манлайлагч Улсын гуравдугаар төв эмнэлэг үлгэрлэн оройлж ажиллах ёстой. Та бүхнийг дахин нэгэн жаранд Монголын эрүүл мэндийн салбарыг шинэ шатанд гаргахад жинтэй хувь нэмэр оруулж ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөж байна. Та бүхэнд баярлалаа. Ирж айсуй хонин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, ажил үйлс улам бүтэмжтэй байхын ерөөлийг дэвшүүлье” хэмээн хэллээ.

Мөн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардаж авсан тус эмнэлгийн хамт олонд хандаж Монгол улсын засгийн газрын гишүүн Эрүүл мэнд Спортын яамны сайд Г.Шийлэгдамба баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Төрийн дээд одон гардуулах ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн төр засгийн хүндэт зочин төлөөлөлүүдийг Эмнэлгийн даргын Б/74-ртоот тушаалаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн ойн медиалаар шагналаа.

Тус эмнэлгийг байгуулагдсан цагаас нь эхлэн үе үеийн гайхамшигтай түүхийг бүтээлцэж ирсэн ахмад үеийн шастинчууддаа, мөн энэ цаг мөчид хүн ардынхаа эрүүл энхийн төлөө мөр зэрэгцэн зүтгэж буй хөдөмөрч хичээнгүй шастинчууддаа төрийн дээд одонгоор шагнагдсан явдалд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.