ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭГЭЭ СУНГАЛАА

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар эмнэлэг нь АНУ-н Хойд Каролина мужийн Гамшгийн болон Хүмүүнлэг туслалцааны Олон улсын Самаританс Пурс байгууллагаас Монгол улсад хэрэгжүүлж буй “Хүүхдийн зүрх” төслийн хүрээнд хамтарсан үйл ажиллагаа явуулдаг билээ.

Энэ удаа Самаританс Пурс байгууллагаас тус эмнэлэгтэй хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх хүсэлт ирүүлсэний дагуу Тус эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, Самаританс Пурс олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Катерина Рудис нар хамтран ажиллах гэрээгээ 3 жилээр сунгаж гарын үсэг зурлаа.

Уг гэрээний хугацаанд Олон улсын Самаританс Пурс байгууллагатай хамтран ажилладаг Хойд Америкийн эмнэлгүүдийн хүүхдийн зүрхний эмч мэргэжилтнүүд Монгол улсад хамтарсан үзлэг, илрүүлэг оношилгоо хийх, Монгол улсад мэс засал хийлгэх боломжгүй төрөлхийн зүрхний гажиг бүхий тохиолдлуулыг Хойд Америкийн эмнэлгүүдэд эмчилгээ хийлгүүлэхээр хоёр тал хамтарсан шийдвэр гаргах, эмчилгээнд явж буй хүүхэд, тэдний асран хамгаалагч нарын 5-6 долоо хоног байрлах зардлыг Самаританс Пурс болон түүний санхүүжүүлэгч байгууллагууд дэмжлэг үзүүлэх, Улсын гуравдугаар эмнэлгийн хүүхдийн зүрх судасны эмч мэргэжилтнүүд мэс засал эмчилгээний өмнөх болон дараах хяналтыг хийж явуулах зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм байна.

Монгол улсад хараахан эмчлэгдэх боломжгүй төрөлхийн зүрхний гажиг бүхий олон арван монгол хүүхдүүдэд амьдрал бэлэглэх Сайн санааны үйлсийг хэрэгжүүлж буй АНУ-н Хойд Каролина мужийн Гамшгийн болон Хүмүүнлэг туслалцааны Олон улсын Самаританс Пурс байгууллагад үйлчлүүлэгчдийхээ нэрийн өмнөөс баярласанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.