Үйлдвэрчний эвлэлийн хорооноос болзолт уралдаан зарлалаа

Эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санаачлан хамт олны эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Эмнэлгийн хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тугийг тасаг, нэгжүүдээр аялуулах “Эрхэмлэн хүндэтгэх хамт олон” болзолт уралдааныг 2015 оны 3-р сарын 09-ний өдрөөс эхлэн зарлалаа.
Аяны үеэр нэг тасаг нэгжид эмнэлгийн одонт туг долоо хоног байрлах бөгөөд энэ хугацаанд тус тасаг, нэгжээс ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн бүртгэл судалгааг шинэчлэн сайжруулах талаар тодорхой шинэлэг ажлууд зохиох шаардлагатай юм байна.
Туг бүх тасаг, нэгжээр аялж дууссаны дараа тусгай комисс тасаг, нэгжүүдийн зохиосон ажлыг дүгнэж байр эзлүүлэн мөнгөн шагналаар шагнаж урамшуулах юм.
Туг аялах эхний тасаг Зүрхний мэс заслын тасгийн эрхлэгч Ц.Даваацэрэнд эмнэлгийн одонт тугийг эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир, Үйлдвэрчний хорооны дарга С.Туяа нар өнөөдөр эмнэлгийн удирдлагын шуурхай хуралдаан дээр гардуулж өглөө.