“АМЖИЛТЫН ЦОГЦ ШИЙДЭЛ” ЦУВРАЛ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Байгуулагын удирдлага, эмч , сувилагч, нийт ажилчдад зориулан өөрийн хариуцсан ажлыг өндөр бүтээмжтэй гүйцэтгэж, байгууллагынхаа хөгжил дэвшил, амжилтын төлөө сэтгэлээсээ хандах, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх харилцааны болон танин мэдэхүйн чадварыг улам сайн хөгжүүлэх шаардлага бидний өмнө байнга гарч ирдэг билээ. Иймд бид Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан төлбөртэй цуврал сургалт явуулж эхлээд байна.

Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн мэргэжлийн сэтгэл судлаач, лектор нар сүүлийн үеийн судалгаа шинжилгээнд тулгуурласан үр дүнтэй арга техник ашиглан 2015 оны 2 сараас эхлэн 14 хоногт 1 удаа эмч нарын ярианд Цагийн менежмент, Стресс менежежмент, Эерэг хандлага сэдвээр цуврал лекц уншихаас гадна 2015 оны 3 сарын 17-нд нийт тасгийн ахлах сувилагч, Хүний нөөц хөгжлийн алба, Эм зүйн алба, Мэдээлэл технологийн алба, Санхүү бүртгэлийн алба, Чанарын албаны ажилчдад зориулан “Ажлын байрны үр дүнтэй харилцаа” , 3 сарын 19-нд Соёл үйлчилгээний албаны багийн ахлагч болон угтах үйлчилгээний ажилчдад “Эерэг сэтгэлгээ”, 3 сарын 20-нд “Амжилттай харилцаа” сэдвээр Цахим бүртгэл болон Инженер техникийн албаныханд сургалт зохион байгуулан нийт 90 хүн оролцлов.

Энэхүү сургалтанд сууснаар байгууллагын үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэх, таниулах, үйлчлүүлэгчидтэй ёс зүйтэй харилцах, мэргэжлийн үндсэн үйл ажиллагааг өндөр түвшинд хийж гүйцэтгэх, бусдад нөлөөлөх чадвар болон бусдын хэлсэн санааг ойлгох, дүгнэх өөрийгөө сайн илэрхийлэх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн талаарх мэдлэгээ дээшлүүлэхэд тустай юм.