Эрүүл мэндийн сайд айлчлан ирлээ

Монгол улсын засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2013 оны 02 сарын 18-ны өдрийн 08:30 цагт П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүрэлцэн ирж тус эмнэлэгт байрлах Анагаах Ухааны Хүрээлэнгийн ажилтай танилцсаны дараагаар урьдчилсан хөтөлбөрийн дагуу тус эмнэлэгт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага – Монголын мянганы сорилын сангийн дэмжлэг, санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн явцтай танилцаж тулгамдаж буй зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Тухайлбал, харвалт, шигдээсийн эрчимт эмчилгээний хэсгийн О2 бүхий 3 урсгалт шугамын санхүүжилтийн асуудалд Эрүүл мэндийн яамнаас дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн шинээр байгуулагдаж буй Гемодиализийн эмчилгээний тасгийн бэлтгэл ажилтай танилцан ирэх 7 хоногт нээн ажиллуулах үүрэг даалгаврыг өгч, тус эмнэлгийн нэн шаардлагатай төсвийн зардлыг Эрүүл мэндийн яамнаас дэмжлэг үзүүлэн шийдэхээр боллоо.
Эрүүл Мэндийн Сайд Н.Удвалыг Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Эмнэлгийн технологийн хэлтсийн дарга Д.Гончигсүрэн болон Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтнүүд дагалдан явлаа. Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус эмнэлэг дээр хэрэгжиж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага – Монголын мянганы сорилын сангийн төслийн хэрэгжилтийн явц болон эмнэлгийн бусад үйл ажиллагааны талаар тус эмнэлгийн удирдлагууд болон эмч нартай эмнэлгийн хурлын танхимд дэлгэрэнгүй ярилцлаа.