Бүтээлч шастинчууд

"Нойр булчирхайн үхжилт үрэвсэл" номын танилцуулга

Монгол орны хувьд нойр булчирхайн цочмог үрэвсэл эрс ихсэж байгаа....

Энэ эмгэг нас баралт ихтэй бөгөөд төгс эмчлэхэд өвчтөн эмч хоёроос их хэмжээний тэвчээр хатуужил шаарддаг өвөрмөц өвчин. Үр дүнтэй эмчлэхэд тэвчээр хатуужил муутай хүмүүс эмчийн заавар зөвлөгөөнийг биелүүлж чадахгүйгээс болоод сайн болж байсан биеэ муутгадаг эмчлэхэд төвөгтэй бөгөөд цочмог үрэвсэл намжиж архаг хэлбэрт шилжсэн ч олон жилийн турш хатуу дэглэм горим барих шаардлагатай болдог. Номын зохиогчид болох Ц.Лочин, Г.Баяраа, Б.Алтангэрэл нар олон тохиолдолд цочмог панкреатит-тай өвчтөнгүүдийг эмчлэх явцдаа зохих бэрхшээл, зовлон туулсан учраас олон нийтэд болон эмч мэргэжилтэнүүдтэй санал солилцож, бас анхааруулга санамж өгөхөөр шийдэж түүнийгээ ийнхүү хэрэгжүүлсэн нь нэн сайшаалтай. Анагаах ухааны докторант залуу мэс засалч Ц.Лочин панкреатитийн цочмог хэлбэрээр судалгаа хийсэн хүн. Судалгааны үр дүнгээр “Нойр булчирхайн үхжилт үрэвсэл”-ийг сонгож хамтран зүтгэгч нартайгаа нийлж ном бүтээсэн нь бахархууштай юм.

Монгол улсын хүний гавъяат эмч АУ-ны доктор, профессор

Чимэдцэеэгийн Пунцаг багшийн бичсэн тус номын шүүмжээс

НОМЫН АГУУЛГА:

  • Оршил
  • Нойр булчирхайн бүтэц үүрэг үйл ажиллагаа I бүлэг
  • Нойр булчирхайн цочмог үрэвсэлийн тодорхойлолт ангилал II бүлэг
  • Нойр булчирхайн цочмог үрэвсэлийн эмнэл-зүйн шинжүүд III бүлэг
  • Нойр булчирхайн цочмог үрэвсэлийн эмгэг жам IV бүлэг
  • Мэс заслын эмчилгээ V бүлэг
  • Ном зүй

"Элэгний цирроз" номын танилцуулга

Элэг зүрхнээс уяатай

Энхрий монгол орон минь....

хэмээн монголчууд бид дуу шүлэгтээ мөнхөлж, сэтгэлийн болон бие эрхтний эмгэгийн үед хамгийн түрүүн мэдээлэл авдаг, санаа зовж гэмтдэг эрхтэн нь элэг гэдгийг ухаант ард түмэн маань эртнээс мэдрч элэгээ хайрлаж явахыг сургадаг байжээ..

Хүний их эмч, судлаач Д.Бадамсүрэн, Б.Сувдаа, Д.Цэрэндагва, Б.Цэрэндаш нарын судалганы баг 2000 оноос элэгний циррозын бүтэц зүйн болон цусны бүлэгнэлтийн тогтолцооны судалгаа хийж, сүүлийн 10 гаруй жилийн судалгааны үр дүнг эмчилгээний практикт нэвтрүүлж, тэр үр дүнгээ нэгтгэж ном болгон олны хүртээл болгож байна.

Монголын анагаах ухааны академийн гишүүн, Анагаах Ухааны доктор, профессор Далхын Цэрэндагвын тус номын удиртгалаас

Номын агуулга:

  • Хүний хөгжил ба эрүүл мэндийн тухай, хүн бол маш нарийн бүтэц, үйл бүхий, оюун ухаан өндөр хөгжсөн, бурхан хийгээд байгаль нийгэмийн бүтээл, бүтээгдэхүүн болохыг;
  • Элэгний цирроз өвчний тодорхойлолт, тархвар зүй, шалтгаан нөхцөл, ангилал, эмгэгших жам, эмгэгшсэн бүтэц, үзлэг, шинжилгээ, эмнэлзүйн шинж, түүнийг дагалдах хүндрэл, авах арга хэмжээг онол эмнэлзүйн тухай;
  • Дэлүү томрох, шарлалтын хам шинж болон цөс зогсонгишлын сүүлийн үед баримталж байгаа шинэ ангилал, үүдэн тогтолцооны даралт ихсэлт, элэг тархины хам шинж, хаван ба асцит, элэг бөөрний хам шинж, элэг уушгины хам шинж, цус бүлэгнэлтийн тогтолцооны хямрал ба цус алдалт, элэгний дутагдал, элэгний эмгэгийн бүтэц зүйн өөрчлөлтийн тодорхойлолт, тархвар зүй, шалтгаан нөхцөл, ангилал, эмгэгших жам, эмгэгшсэн бүтэц, үзлэг, шинжилгээ, эмнэлзүйн шинж, түүнийг дагалдах хүндрэл, авах арга хэмжээг онол эмнэлзүйн талаар ;
  • Монгол анагаах ухаанд элэгний өвчнийг арга билэг, одон болон хар зурхайн таван махбодын онолоор тайлбарлах нь, элэгний өвчний үндсэн ухагдахуун, элэгний архаг хурмал мүгво өвчний талаар;
  • Судлаачид архины болон вирүсийн шалтгаантай элэгний циррозын бүтэц зүйд гарах өөрчлөлт болон цусны бүлэгнэлтийн тогтолцоонд нөлөөлөх эмийн ургамлын судлагаа зэрэг судалгааны зарим үр дүнг нэгтгэж уг бүтээлийг туурвисан байна.