ШАСТИНЧУУД ЭРДМЭЭРЭЭ ЧУУЛЛАА

ШАСТИНЧУУД ЭРДМЭЭРЭЭ ЧУУЛЛАА

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн эмч мэргэжилтнүүд Олон улсын эмч нарын өдөр, тус эмнэлгийн эмзүйн албаны 60 жилийн ойд зориулсан “ЭРДМИЙН ЧУУЛГАН-2015” ээлжит эрдэм шинжилгээний хурлаа 2015 оны 03 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн мэдлэг ур чадварыг хөгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан эрдмийн чуулганд тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн эрдэм шинжилгээ судалгааны 51 өгүүлэл, 18 ховор тохиолдол, 12 онолын лекцийн материал ирүүлж оролцлоо.

Энэ удаагийн эрдмийн чуулганын үндсэн илтгэлийг Монос Эмзүйн Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал, Эмзүйн ухааны доктор Л.Цэрэндулам “Эмзүйн шинжлэх ухааны үүсэл, хөгжлийн чиг хандлага” сэдвээр уншиж сонордууллаа.

Энэ удаа эмч мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний бүтээлүүдээс шилдэг 10 бүтээлийг шалгаруулж, аман илтгэл хэлбэрээр хэлэлцүүлж, тус эмнэлгийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнтэй шүүгчийн комисс судалгааны ажлын чанар үр дүн, шинэлэг тал, эмнэлзүйн ач холбогдол, илтгэгчийн ур чадвар зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж шалгарууллаа. Ингээд нэгдүгээр байрыг Ж.Эрдэнэсүрэн, Ч.Золжаргал, Д.Батбаатар, С.Нямсүрэн, Р.Энхдорж, Н.Дэмид-од, Г.Ундармаа, Н.Баасанжав, Д.Цэгээнжав, Б.Түмэнжаргал нарын “Доод мөчдийн судасны хатуурлыг тромбоинтиэктоми хийж “дамжуулах урсгал” үүсгэн цусан хангамж нөхөн сэргээх мэс заслын шинэ аргачлал” судалгааны илтгэл, хоёрдугаар байрыг Ж.Долгормаа, Т.Мөнхтуяа, Ж.Сарантуяа нарын “Артерийн даралт ихcэлттэй болон эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдийн гурвал тестийн үзүүлэлтийг харьцуулсан нь” сэдэвт судалгааны илтгэл, гуравдугаар байрыг С.Алтан-Очир, Д.Энхболд, Б.Батчулуун нарын “Хүзүү сээр, бүсэлхий нурууны нугас ба нугасны ёзоор дарагдлын оношилгоо, мэс заслын эмчилгээний арга технологи нэвтрүүлэх нь” сэдэвт судалгааны илтгэлүүд эзэлж, батламж мөнгөн шагнал хүртлээ.

Эрдмийн чуулганд ирүүлсэн нийт бүтээлүүдийг “Эрдмийн Чуулган-2015” товхимолд хэвлүүлж эмнэлгийн эрдэм шинжилгээний цахим санд байршууллаа.

Мөн энэ удаагийн эрдмийн чуулганд оюуны бүтээлийг дэмжиж хамтарч ажилласан Монголиан Стар Дистрибюшин болон Сандоз ХКК-ны хамт олонд тус эмнэлгийн нийт хамт олон, удирдлагын зүгээс гүн талархал илэрхийлье.