Гемодиализ эмчилгээний тасгийн нээлт боллоо

Монгол улсын Шинэчлэлийн Засгийн газрын Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажилд тусгагдсаны дагуу өнөөдөр буюу 2013 оны 02 сарын 28-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр бөөрний Гемодиализ эмчилгээний тасаг нээгдэн тууз хайчлах ёслолын үйл ажиллагаа боллоо. Уг нээлтэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон дагалдах хүмүүс мөн П.Н.Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлгийн дарга нар, тасгийн эрхлэгч нэр болон эмч, ажилчид, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо.

Нээлтийн ёслолын үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Төмөр-Очир Эрүүл мэндийн сайдын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 39 тоот тушаалын дагуу тус эмнэлэг дээр Гемодиализ эмчилгээний тасгийг нээн ажиллуулах болсонд талархаж буйгаа илэрхийлээд, 24 мянган доллараар ус цэвэршүүлэх систем, мөн сэлбэг хэрэгсэлд 11 мянган долларын буцалтгүй тусламжийг Туул ротари клубээс өгч, мөн тасгийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай урсгал зардал, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх 200 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаж байгааг баяртайгаар мэдэгдлээ. Мөн тэрээр хэлэхдээ тус эмнэлэгт гемодиализийн тасгийг байгуулах ажил анх 2000 оноос эхлэн үе үеийн удирдлагын бодлого төлөвлөлтийн нэг хэсэг нь байсаар ирсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааг бодит биелэл болгоход хүчин чармайлт гарган ажилласан Б.Батчулуун даргын үүрэг, хариуцлага их байсныг дурдах нь зүйтэй юм гэлээ.

Мөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал Гемодиализ эмчилгээний тасаг нээгдэж байгаа нь Монгол улсын бөөр судлал, бөөрний өвчтэй хүмүүст үзүүлж буй эмнэлгийн тусламжид гарч буй ахиц гэдгийг хэлээд энэхүү 5 ор бүхий тасаг үнэтэй хувь нэмэр оруулахыг онцлон хэлэв. Түүнчлэн тус тасаг нээгдсэнээрээ хүмүүст хурдан шуурхай үйлчилж, үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд тасгийн хамт олонд болон хөрөнгө оруулсан нийт хамт олонд талархал илэрхийллээ.

Тэрбээр Монгол улс эрс тэс уур амьсгалтай тул бөөрний өвчлөл ихтэй, мөн уг өвчлөл нь хожуу оношлогддогоос болж бөөрний дутагдалд ихээр орж буйг хэлээд, эрүүл мэндийн сайдад гемодиализ эмчилгээнд орох хүсэлт бүхий өргөдөл өдөрт 3-5 ирдгийг дурдав. Мөн сайд цааш нь хэлэхдээ хүмүүст урт удаан наслахад нь тус болох Улсын хэмжээний гемодиализийн төв эмнэлгийг нээн ажиллуулахаар төлөвлөж байгаа гэлээ.

Тус тасагт төслийн буцалтгүй тусламжаар Гемодиализийн аппарат болон ус нэрэгч аппарат түүний дагалдах хэрэгслүүд бүрэн хангагдсан бөгөөд маргаашнаас эхлэн иргэдэд үйлчилж эхлэхээр боллоо. Иймээс гемодиализийн ачааллыг тодорхой хэмжээгээр бууруулах юм. Мөн тасгийн эмч, мэргэжилтнүүд гадаадын болон дотоодын сургалтанд бүрэн хамрагдаж мэргэшсэн тул боловсон хүчин хангалттай ажээ.

Тайваны үндэсний их сургууль, Туул Ротари клуб, Авико эмийн үйлдвэр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гемодиализийн тасгийн хамт олонд цаашдаа ч мөн хамтран ажиллана гэдгээ тус тасгийн эмч, мэргэжилтнүүд хэлээд энэхүү ажлын үр дүнд олон хүн эмчлэгдэж, урт удаан амьдрах итгэлийг олно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байв.

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Төмөр-Очирын хэлсэн үг:

Сайн байна уу? Эрхэм сайд аа.

Сайн байцгаана уу? Эрхэм ноёд хадагтай нараа

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олны урилгыг хүлээн авч Гемодиализийн эмчилгээний тасгийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Монгол улсын засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал танд болон, дэд сайд Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн яамны удирдах бүрэлдэхүүн, Тайваны худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын төлөөлөгч Али Ян, Туул ротари клубын ерөнхийлөгч ноён Байгаль, дэд ерөнхийлөгч хатагтай Жамбалмаа болон нийт хамт олонд мөн Аи-Ви-Ко ХК-ын гүйцэтгэх захирал Цэрэндорж тус компанийн хамт олон энд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, эмч мэргэжилтнүүд та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг хүргэн мэндчилье.

Тус эмнэлэгт гемодиализийн тасгийг байгуулах ажил анх 2000 оноос эхлэн үе үеийн удирдлагын бодлого төлөвлөлтийн нэг хэсэг нь байсаар ирсэн бөгөөд энэхүү үйл ажиллагааг бодит биелэл болгоход хүчин чармайлт гарган ажилласан Батчулуун даргын үүрэг, хариуцлага их байсныг дурдах нь зүйтэй юм.

Манай Гемодиализийн тасгийг байгуулахад Тайвань улсын үндэсний их сургуулийн эмнэлэг 20 машин хандивлан, олон улсын Ротари клубын ус цэвэршүүлэх системийг байгуулж, мөн сэлбэг хэрэгсэлд 11000 ам долларын хандив тусламжийг өгсөн билээ.

Монгол улсын Эрүүл мэндийн яам энэхүү Гемодиализийн тасгийг нээн ажиллуулахад 2013 оны эм, эмнэлгийн хэрэгслийн төсөвт нийт 200 сая гаруй төгрөгийн төсвийг батлан, уг тасгийн үйл ажиллагааг удирдан явуулах эмч мэргэжилтний хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Хүлээгдэл, чирэгдэл, эрсдэл аюулгүй тусламж үйлчилгээг эрхэм болгосон эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд Шастинчууд бид өөрийн эмнэлэгтээ Гемодиализийн тасгийг үүсгэн байгуулж байгаадаа туйлын баяртай байгаа юм.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд 2,3-р шатлалын эмнэлэг бүрт энэ чиглэлийн тусламж үйлчилгээний нэгж, хэсгүүд байгуулагдан ажиллана гэдэгт эмч, мэргэжилтнүүд бид гүнээ найдаж байна.

Бидний байгуулан ажиллуулах Гемодиализийн тасагт маань бөөрний хурц болон архаг дутагдлын улмаас амь нас нь эрсдэлтэй байдалд орсон олон арван хүмүүс эмчлэгдэж урт удаан эрүүл энхээр амьдрах итгэлийг олно гэдэгт бид бүхэн баяртай байна. ШУГТЭ-ийн Гемодиализийн эмчилгээний тасгийн нээлтийн ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн та бүхэнд болон энэхүү тасгийг нээн ажиллуулахад гар бие оролцон сэтгэл зүрхээрээ хандаж байсан бүх хүмүүст хувийнхаа зүгээс болон эмнэлгийн хамт олныхоо өмнөөс эрүүл энх, сайн сайхныг хүсье.

БАЯРЛАЛАА