“ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦ ШИЙДЭЛ” ҮНДЭСНИЙ АНХДУГААР СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгээс “Олон Улсын Сувилагчдын Өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд “ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ҮЕИЙН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦ ШИЙДЭЛ” сэдэвтэй Үндэсний анхдугаар сургалт семинарыг 2015 оны 05 сарын 14, 15-ны өдрүүдэд ЭМЯ-ны Сургалт Мэдээллийн Төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

МУ-ын Засгийн газар, ЭМС-ын яамнаас Монгол улсын хүн амын дунд халдварт бус өвчлөлийг бууруулах зорилгын хүрээнд өртөг зардал багатай, үр ашиг өндөртэй, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан үр дүнтэй арга хэмжээнүүдийг тодорхой төлөвлөлттэйгээр хэрэгжүүлж байгаагын нэг жишээ бол 2010-2013 онд АНУ-ын Засгийн газар, Мянганы Сорилтын Сангийн санхүүжилт, ДЭМБ-ын дэмжлэг туслалцаатай хэрэгжүүлсэн Монголын Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл юм.

Монголын Мянганы Сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийг түшиглэн “Тархины харвалт ба зүрхний шигдээс”-ийн дэд төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр тус эмнэлгийн зүгээс төслийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг ханган, үр дүн гаргахад ихээхэн чармайлт гарган ажиллаж байгаа билээ.

Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хамт олон Тархины харвалтын үеийн тусламж үйлчилгээг сайжруулах цогц тусламж үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэн үзүүлэх эмнэлзүйн шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж, бусад эмнэлэг болон эрүүл мэндийн байгууллагуудад туршлага, загвар болохуйц оношилгоо, эмчилгээ, сэргээн засах шинэлэг арга техник, технологийг нэвтрүүлэхээр зорин ажиллаад даруй нэг жил хагасын хугацаа өнгөрчээ.

Энэ хугацаанд тус эмнэлгийн хамт олон тархины харвалтын цочмог үеийн эмнэлзүйн удирдамжийн дагуу харвалтын нэгжид олон мэргэжилтний багаар ажиллах шинэ менежмент, харвалт шигдээсийн үеийн яаралтай тусламж, бүлэн хайлуулах эмчилгээ, шигдээсийн үеийн судсан дотуурх мэс ажилбар, харвалт шигдээсийн эрт үеийн сэргээн засах тусламж, харвалт шигдээсийн үеийн сувилахуйн цогц тусламж, үйлчилгээ зэрэг олон улсын түвшинд хүрэхүйц өндөр үр дүн, үр ашигтай тусламж үйлчилгээг шинээр амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлжээ.

Ингээд тус эмнэлгийн хамт олон энэ нэг жил хагасын хугацааны туршид олж авсан туршлага, ололт амжилтаа хуваалцахаар Эрүүл мэндийн байгууллагуудын нийт сувилагч мэргэжилтнүүдийн дунд үндэсний хэмжээний анхдугаар сургалт семинарыг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалт семинарт ЭМСЯамны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Улаанбаатар хотын дүүргийн эмнэлгүүд орон нутгийн нийт 180 гаруй сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцов.

Энэ удаагийн сургалт семинараар “Тархины харвалтын үеийн эмнэлзүй болон оношилгоо, эмчилгээний талаар сувилагч мэргэжилтний зайлшгүй мэдэж байх мэдлэг ур чадварын талаар боловсролын илтгэл уншигдаж, харвалтын үеийн сувилахуйн менежментийн талаар сувилагч мэргэжилтнүүдийн хийж явуулсан эрдэм шинжилгээ судалгааны илтгэлүүд хэлэлцүүлэгдлээ. Сургалт семинарын хоёр дахь өдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн харвалтын тасаг дээр харвалтын үеийн сувилахуйн дадлага сургалт нь явагдаж өнгөрлөө.