“ТАНД ТУСЛАЯ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг хангах, сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг хэрэгжүүлэн “Үйлчлүүлэгч төвтэй” эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор иргэд, үйлчлүүлэгчдэд чиглэсэн “ТАНД ТУСЛАЯ” нээлттэй хаалганы өдөрлөг 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Зөвлөх поликлиникт зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үеэр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарийн үзлэг хийгдэж, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, цээж гэрэлд харах, ясны сийрэгжилт болон цусан дахь сахар тодорхойлох, артерийн даралт, биеийн өндөр, жин үзэх, дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолт, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө зэрэг тусламж үйлчилгээг давхардсан тоогоор 3048 үйлчлүүлэгчид үзүүлсэн байна.

Иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалт сурталчилгааг зурагт хуудас, гарын авлага, зөвлөмж тараах болон биечилж зөвлөгөө өгөх зэрэг хэлбэрээр явууллаа. Амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, хянах зорилгоор заавал хэвшүүлэх 21 дадлыг хэрхэн өөртөө болон гэр бүлдээ хэвшүүлж хэрэгжүүлэх талаар сургалт суртачилгааг голчлон явуулсан бөгөөд, үүнд амьдралын буруу хэв маягааас татгалзах тухай болон зөв хоололт, эмийн зохистой хэрэглээ, стрессээс сэргийлэх болон стресс тайлах аргуудын талаар эрүүл мэндийн зөвлөгөө, зөвлөмж бэлтгэн үнэ төлбөргүй 1390 ширхэгийг иргэдийн гарт хүргэлээ. Мөн эмчилгээний 11 төрлийн хоолны цэсийг танилцуулж, 1200 иргэд, үйлчлүүлэгчдэд жорыг олгон, амталгаа хийгджээ.

Олон нийтийн хэвлэл мэдээлийн хэрэгсэл болох телевиз, сонин, мэдээллийн сайт зэрэг нийт 10 байгууллагаар Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого болон түүнийг хэрэгжүүлэх талаар өөрийн эмнэлэг дээр авч явуулж буй үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчиллаа.