ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН МЭС ЗАСЛЫН ТАСГИЙН ХАМТ ОЛОНД

Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн халуун, дулаан мэндийг уламжлая. Би 2015.09.29-нд тус эмнэлгийн Чих, хамар, хоолойн мэс заслын тасагт хоолойн идээ бугласан, амь насанд хүрэхээр маш аюултай байдалтай, маш хүнд, өвчиндөө шаналсан хэцүү ирсэн. Гэтэл намайг маш сайхан халуун, дулаан сэтгэлтэй, өвчтөнийхөө төлөө бүхнээ зориулдаг хамт олон буюу эмч Төрмөнх болон энэ тасгийн хамт олон хүлээн авч хагалгаанд 20 минутын дотор оруулсан. Эмч Төрмөнхөд хэрхэн, яаж баярласан сэтгэлээ илэрхийлэхээ мэдэхгүй байлаа. Баярлалаа гэдэг үгийг хэдэн мянган удаа хэлсэн ч багадахаар байна. Хичнээн ажил мэргэжил нь боловч өвчтөнийхөө төлөө гэсэн сэтгэл зүрх, цаг заваа зориулсан Төрмөнх эмч маань, эмч эмчдээ ёстой л бурхан хайрласан эмч гэлтэй санагдсан шүү. Мөн боолтны сувилагч Мөнхцэцэг, Резидент эмч Соёлмаа болон энэ тасгийн хамт олонд би сэтгэл зүрхнээсээ маш их баярлаж явна.

Би олон нялх хүүхэдтэй, гэрээрээ эмчилгээ хийлгэх боломж байхгүй. Ирээд эмчдээ үнэнээ хэлсэн. Гэвч эмч маань “Та өөрийгөө бодохгүй бол таныг хэн бодох юм бэ? Мөнгө олоод эмчилгээгээ хийлгэ” гэхээр нь би буцах л юм бодож байсан. Эмч маань загнасан мөртлөө хэвтүүлсэн. Би түргэний тэргээр хүргэгдэж ирж байхдаа “Чих, хамар, хоолойн эмч нар хүлээж авахгүй байх л гэж бодож байсан” гэтэл бүр дэндүү өөр, маш халуун дулаан сэтгэлээр хүлээн авч намайг эмчилж, сувилан үхлийн аюулаас аварсан энэ хамт олондоо

Ажил үйлс нь үргэлж өөдлөн дэвжиж

Амьдрал ахуй нь тэлэн дэвшиж

Өрөвч сэтгэлээ хүн бүхэндээ хайрлаж

Өвчтөн бүхнийхээ хайранд умбаж яваарай гэж чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Би урьд нь эмч, эмнэлгийн байгууллагыг дэндүү буруугаар ойлгож явсан. Бөөн хүнд суртал, очер дараалал байдаг гэж бодсон. Одоо миний энэ бодол нэг л сайхан цэлмэж, өдрийн нар шиг хувьсан өөрчлөгдсөн. Ингээд би тус эмнэлгийн “Чих, хамар,хоолойн мэс заслын тасаг”-ийн эмч, сувилагч, асрагч бүгдэд нь маш их баярлалаа.

Эрүүл саруул болгож, үхлийн аюулаас салгасан та бүхнийхээ алдар хүндийг би дандаа дурсаж байна. Баярлалаа.

Хэнээс: Эмчлүүлэгч Н.Бодьцэцэг

Хаяг: СХД-ийн 31-р хороо