ЯПОН УЛСЫН ТОКҮШҮКАЙ ГРУППЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ АЙЛЧИЛЖ, МОНГОЛ УЛСАД ЗҮРХ СУДАСНЫ ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ

“Хэзээ ч, хаана ч, хэн ч хамгийн сайн эмнэлгийн тусламж авах боломжтой нийгмийг Япон улсад төдийгүй дэлхийн хэмжээнд цогцлон бүтээх” зорилттой Япон улсын Токүшиүкай эмнэлгийн группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ тэргүүтэй тус группын удирдлагын баг бүрэлдэхүүн, Монгол улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, Ерөнхий сайдын Зөвлөх Б.Баярсайхан нарын албаны хүмүүсийн хамтаар 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт айлчиллаа.

Энэ удаа Токүшүкай групп нь Монгол улсын эрүүл мэднийн салбарт тэр дундаа Монгол улсад зүрх судасны үндэсний төв барьж байгуулах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлгийн үндэсний хэмжээнд үзүүлж зүрх судасны тусламж үйлчилгээний бүхий л үйл ажиллагааний өнөөгийн бодит байдалтай дэлгэрэнгүй танилцаж, зүрх судасны үндэсний төв байгуулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын өнөөгийн үйл явцын талаар мэдээлэл сонсож, талууд хойшдын хамтын ажиллагааны үр өгөөж, хөгжлийн чиглэл, богино хугацаанд бодитой үр дүн гаргаж хичээж ажиллах талаар дэлгэрэнгүй уулзалт хэлэлцүүлэг хийж, харилцан туршлага, санал солилцлоо.

Япон улсдаа нийт 18500 орчим эмнэлгийн ор бүхий 400 орчим эмнэлэг, эрүүл мэндийн байгууламжаас бүрдэх Токүшүкай эмнэлгийн групп нь нэгдсэн эмнэлэг, клиник, ахмадын асаргаа сувилгаа, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх зэргээр өөрийн улсын эрүүл мэнд нийгмийн халамжийн чиглэлэлд эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж, бүс нутгийн эмнэлгийн тусламж асаргаа, сувилахуйн тусламж үйлчилгээнд ихээхэн хувь нэмрээ оруулдаг хувийн хэвшлийн нэр хүндтэй томоохон группын нэг юм.