БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН “AAKASH HEALTH CARE” БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2023 оны 07 сарын 26-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэгт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “AAKASH HEALTH CARE” эмнэлгийн төлөөллүүд хүрэлцэн ирж хамтарсан уулзалт хэлэлцүүлэг хийж, хойшид тархи мэдрэлийн мэс заслын чиглэлээр хамтран ажиллах талаар “ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ” -ийг байгуулж гарын үсэг зурлаа.

✅Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал Мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг урт, богино хугацаагаар сургаж мэргэшүүлэх, хамтарсан мэс засал-сургалт зохион байгуулах замаар Монгол эмч нарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах ялангуяа Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй эпилепси болон паркинсон, тремор зэрэг хөдөлгөөний эмгэгийн функционал мэс засал, тархины саатай хүүхдийн дээд доод мөчдийн хөдөлгөөний алдагдлын үеийн мэс засал эмчилгээний аргуудыг богино хугацаанд нутагшуулах мөн судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийхээр тохиролцож Монгол Улсын иргэдийг эх орондоо өндөр түвшний чанартай тусламж үйлчилгээ авах боломжоор хангахад дэмжлэг үзүүлж ажиллахаар тохиролцлоо.

✅Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд мэдрэлийн мэс заслын чиглэлээр “AAKASH HEALTH CARE” мэдрэлийн мэс заслын эмч Amit Svirvastava, гэмтлийн мэс заслын эмч Godara Neeraj нар Ризотоми хагалгаанд сонгох заалт, дистониягийн хам шинж, хагалгааны дараах хяналт, болзошгүй хүндрэл, эрсдэлүүд мөн тархины саатай хүүхдийн дээд мөчний шөрмөс сунгах болон түнхний мултралыг засах мэс заслуудын арга, эмчилгээний үр дүн зэрэг сэдвүүдээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байран дээр сургалт зохион байгуулж, өмнө нь мэс засал хийлгэсэн 9 хүүхдэд хяналтын үзлэг хийж, зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.