“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - ОЛОН УЛСЫН ЭКСПО-2023” ҮЗЭСГЭЛЭНГЭЭС “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА” НОМИНАЦЫН ШАГНАЛЫГ АВЛАА

Эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ оношилгооны дэвшилтэт технологи, арга аргачлал, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгын хүрээнд 2023 оны 9-р сарын 22-24 өдрүүдэд зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн технологи- Олон улсын Экспо -2023” үзэсгэлэнд тус эмнэлэг 2023 онд өөрийн эмнэлгийн мэдрэлийн мэс засал, зүрх судасны мэс засал, зүрхний хэм судлал, тархины судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээний чиглэлд шинээр нэвтрүүлсэн нийт 6 технологийг танилцуулж амжилттай оролцлоо.

Тус эмнэлгийн хэм судлалын төвийн баг бүрэлдэхүүний БНХАУ-ын Шанхай хотын Рүйжин эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад анхлан нэвтрүүлсэн “Тосгуурын жирвэгнээ хэм алдагдлын үеийн хөлдөөх аблаци эмчилгээ”-ний технологи “Шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллага” номинацын шагналыг гардан авлаа.

Шинэ дэвшилтэт технологийг амжилттай нэвтрүүлэн, хойшид бие даан хийх боломжийг бүрдүүлэн ажилласан зүрхний хэм судлалын төвийн баг хамт олонд нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлье.