“Хөдөлгөөн – Эрүүл мэнд” өдөрлөг боллоо

Эрүүл мэндийн яамнаас 2013 оны 04 сарыг Эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд “Хөдөлгөөн-Эрүүл мэнд” өдөрлөгийг өчигдөр Сүхбаатарын талбай дээр зохион байгууллаа.

Уг өдөрлөгт П.И.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгээс 100 гаруй ажиллагсад оролцон 09:00 – 10:00 цагийн хооронд тус эмнэлгийн үүднээс Сүхбаатарын талбай хүртэл идэвхтэй алхалт хийж Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон Эрүүл мэндийн яамны удирдлагууд, Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн байгууллагын дарга нар, Төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй нэгдэн хийн дасгал, ажлын байрны дасгал хийж идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар сурталчилсан юм.

Тус өдөрлөгөөр идэвхтэй хөдөлгөөн эрүүл амьдрахын үндэс гэдгийг тайлбарлан сурталчилахаас гадна эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид энэхүү ажлыг өөрсдөөсөө эхлүүлэхээр шийдэж, идэвхтэй оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ хүн дасгал хөдөлгөөн хийж хэвшүүлснээр зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар, биеийн жингийн илүүдлээс сэргийлэх бүрэн боломжтой гээд, ард иргэдийг идэвхтэй хөдөлгөөнтэй байж, хийн дасгал тогтмол хийж байхыг уриалсан юм.