Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн “Диабетийн Төв”-ийн нээлт боллоо

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн “Диабетийн Төв”-ийн нээлт боллоо

2015 оны 11-р сарын 13-ны өдөр буюу “Чихрийн Шижин Өвчинтэй Тэмцэх Дэлхийн Өдөр”-ийг тохиолдуулан тус эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны хүрээнд Дани улсын Ново Нордиск компанийн дэмжлэг туслалцаатай “Диабетийн Төв” байгуулагдаж, үйл ажиллагааны нээлтээ хийлээ.

Тус Диабетийн Төв”-ийн үндсэн зорилго нь Монгол улсын хүн амын дунд зонхилон тохиолдож буй чихрийн шижин өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулахад хувь хүн, гэр бүл, хамт олны аж төрөх арга барилыг өөрчлөх, тэдний эрүүл мэндийн талаарх мэдлэг хандлыг нэмэгдүүлж, өөрсдийн эрүүл мэнддээ тавих хяналтыг сайжруулах замаар Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хоёрдугаар хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг ханган ажиллах явдал юм.

“Диабетийн Төв”-өөс энэ үйл ажиллагааныхаа хүрээнд мөн энэ өдөр Бөөр Дотоод Шүүрлийн Эрхтэн Судлалын Тасагтай хамтран “Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг “Чихрийн Шижингийн Тархалтыг Зогсооё” уриан доор тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдөр “Эрүүл зөв хооллолт өглөөний цайнаас эхэлнэ” үйл ажиллагаа зохион байгуулагдаж чихрийн шижин өвчний үеийн 7 хоногийн жор, ногоон ногооны салад, чацарганы шүүс зэрэг эмчилгээний хоолны үзэсгэлэн гарч, чихрийн шижингийн үеийн хоол орлох шингэн тэжээл “Diabetasol”-ийн танилцуулга, Кагомэ компаний цэвэр 100 % улаан лооль, ногооны шүүсээр тус тус амталгаа явагдлаа. Мөн тус өдөрлөгийн үеэр өртөөчилсэн урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэж нийт 238 үйлчлүүлэгчдэд цусан дахь глюкоз тодорхойлон, чихрийн шижингийн эрсдэлийн үнэлгээ хийгдлээ.

Монгол улсын хүн амын дунд зонхилон тохиолдож буй чихрийн шижин өвчнөөс үр дүнтэй урьдчилсан сэргийлэх, тусламж үйлчилгээний хүрээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, тус эмнэлгийн “Диабетийн Төв”-ийг байгуулахад гүн туслалцаа үзүүлж хамтран ажилласан Дани улсын Ново Нордиск AIC компанийн хамт олонд тус эмнэлгийн үйлчлүүлэгчид болон эмнэлгийн нийт хамт олны өмнөөс гүн талархал илэрхийлж сайн сайханыг хүсэн ерөөе.