ШУГТЭ-ийн РЕЗИДЕНТ ЭМЧ НАР УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЭМХТ-өөс ЭМСЯ-ны харьяа төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын резидент эмч нарын дунд зохион байгуулсан “Мэдлэг, ур чадвар”-ын тэмцээнд тус эмнэлгийн резидент эмч нар өндөр оноогоор илүүрхэж түрүүллээ.

Уг тэмцээн Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 491/А472 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд төгсөлтийн дараах үндсэн мэргэжлийн сургалтанд суралцагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлж хандлагыг төлөвшүүлэх, суралцах идэвхийг өрнүүлэх, төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллагуудын сургалтын үйл ажиллагааны харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойоор зохион байгуулагдсан юм.

ЭХЭМҮТ-ийн хурлын зааланд зохион байгуулагдсан тус тэмцээнд манай эмнэлгээс гадна төгсөлтийн дараах сургалт эрхлэгч байгууллага болох АШУҮИС, УНТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, Ач АУИС, Ачтан эмнэлэг, ЭСҮТ, АӨСҮТ, Өргөө амаржих газар, УХТЭ, СЭМҮТ, ЭМЖЖ эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ-ийн резидент эмч нарын 8 баг оролцсон байна.

ШУГТЭ-ийн үндсэн мэргэшлийн дотрын мэргэжлээр суралцаж байгаа С.Оргил ахлагчаар удирдуулсан мэс заслын 2-р дамжааны эмч Г.Эрдэнэбат, Б.Үржинханд, мэдээгүйжүүлгийн эмч Б.Амартүвшин, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний эмч Анхцэцэг, дүрс оношилгооны эмч М.Мөнхнасан нарын бүрэлдэхүүнтэй “EVOLUTION” баг маш амжилттай оролцож үе тэнгийн резидент эмч нараас илүүрхэн, тэргүүн байр эзэлж алтан медаль, шилжин явах цомын эзэн болж, багийн бүх гишүүд төрийн сангийн зардлаар гадаадын улсад мэргэжил дээшлүүлэх эрхээр шагнагдлаа. Манай эмнэлэг дараа жилийн дээрх тэмцээнийг зохион байгуулах эрхийг хүлээн авсан байна.

Тэмцээнд тэргүүн байр эзэлсэн “EVOLUTION” багийхан болон хөгжөөн дэмжигчээр оролцсон 20 резидент эмч нартаа баяр хүргэж, сайн эмч болох хойшдын нөр их хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.