2015 оны Тайлангийн хурал боллоо

Эмнэлгийн 2015 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг 12 сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор Ц.Төмөр-очир байгууллагын 2015 оны үйл ажиллагааны тайланг тайлангийн хурал дээр хамт олондоо танилцуулав.


Жил бүр тайлангийн хурал дээр эмнэлгийн хамгийн шилдэг нэг ажилтанд олгодог байгууллагын “ЭРХЭМ ДЭЭД ШАГНАЛ” болох “П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛ”-ыг гардуулдаг уламжлалтай бөгөөд энэ жил уг шагналыг Зүрх судлалын тасгийн их эмч Х.Мөнгөн-Өлзийд олголоо.


Х.Мөнгөн-Өлзий нь 2015 онд Монгол улсын зүрх судлалын салбарт анх удаа зүрхний ресинхронизаци эмчилгээг бүрэн нэвтрүүлж, тосгуурын фибрилляци арилгах кардиоверси эмчилгээний амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг олон улсын жишигт хүргэн үзүүлэх үйл ажиллагааг тогтмолжуулан, гадаадын мэргэжлийн сэтгүүлд 3, үндэсний мэргэжлийн сэтгүүлд 2, нийт 5 эрдэм судлалын бүтээл хэлэлцүүлэн нийтлүүлсэн амжилтаар уг шагналыг хүртсэн байна.
2015 онд Анагаах ухааны доктор цол хамгаалсан Уушиг судлалын тасгийн эрхлэгч П.Одончимэг болон магистрын зэрэг хамгаалсан 7 эмч, ажилтанд эмнэлгийн захиргааны талархалыг тайлангийн хурлаар гардуулав.


Мөн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санаачлан зохион байгуулж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт тугийг тасгуудад аялуулсан “Эрхэмлэн хүндэтгэх хамт олон” болзолт уралдааны дүнг танилцуулан шалгарсан ИТХААА, МУЭТ, ДОТ, ЭХСТ, Харвалтын тасаг зэрэг тасаг, нэгжүүдэд шагналыг гардууллаа.
2015 он улс эх орны хувьд эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй жил байсан ч тус эмнэлгийн хамт олон хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гарган ажиллаж шинэ онтойгоо золгож байна.
Эмнэлгийн захиргаа эдийн засгийн хямралын цаг үед хүн ардынхаа эрүүл энхийн төлөө өндөр хариуцлагатайгаар төр засаг, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн ажиллаж буй нийт тасаг хамт олноо урамшуулан баярлууллаа.