УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаа

УИХ-аас томилогдсон ажлын хэсэг тус эмнэлэгт ирж эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн шинэчлэлийн талаар эмнэлгийн удирдлага болон алба, нэгжүүдийн дарга, эрхлэгч нартай уулзаж ярилцан санал солилцлоо. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн н.Энх-Амгалан, ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн Я.Батсуурь, С.Ганбаатар, н.Одонтуяа, н.Уянга нар томилогдсон ирлээ.

Тус эмнэлэгт УИХ-ын гишүүн Я.Батсуурь, С.Ганбаатар, НДЕГ-ын хэлтсийн дарга н.Ганцэцэг, Эрүүл мэндийн даатгалын газрын дэд дарга н.Мөнхтулга нар болон албаны бусад хүмүүс дагалдан ирлээ.

Тус эмнэлгийн зүгээс эрүүл мэндийн даатгалын санхүүжилттэй холбоотой гарч буй бэрхшээлтэй асуудлуудыг танилцуулан түүнээс гарах гарц боломжуудын талаар ажлын хэсгийн гишүүдтэй дэлгэрэнгүй ярилцлаа.

Тухайлбал: Өндөр өртөг бүхий зүрх, тархины мэс заслын эмчилгээ, ангиографийн оношлогоо эмчилгээ, эмийн төсвийн хүрэлцээ, багаж тоног төхөөрөмжүүдийн хангалт, хүний нөөцийн хангамж, чихрийн шижинтэй үйлчлүүлэгчдийн эмчилгээ, хяналтын асуудал зэрэг олон тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн ярилцлаа.

Мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, ажилчдын цалин хангамж, хөдөлмөрийн нөхцөл, эрсдэл, нийгмийн халамжийн чиглэлийн асуудлуудыг хөндөн хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Я.Батсуурь нарын санаачилан боловсруулж буй “Эмнэлгийн байгууллагууд өөрсдөө эмнэлгийн тоног төхөөрөмжөө худалдан авах тухай” хуулийн талаар товч мэдээлэл хийхэд хэлэлцүүлэгт оролцсон нийт эмч, мэргэжилтнүүд талархан дэмжлээ.

УИХ-ын гишүүд тус эмнэлэгт ажиллах явцдаа үйлчлүүлэгч иргэдтэй уулзаж эмнэлгийн үйлчилгээний талаарх саналыг нь сонсож ярилцаж байлаа.