Зүрхний хэм алдагдлын электрофизиологийн лабораторийн нээлт боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2015 оны 12 дугаар сард ЭМСЯ-ны зүрх судасны тусламж үйлчилгээг сайжруулах хөрөнгө оруулалтын төсвийн хүрээнд 1 тэрбум 50 сая орчим төгрөгийн өртөг бүхий зүрхний хэм алдагдлын электрофизиологийн лабораторийн аппарат тоног төхөөрөмжийг захиалан, Худалдан авах ажиллагааны газраар дамжуулан шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээн авч суурилуулсан юм.

Өнөөдөр зүрхний хэм алдагдлын электрофизиологийн лабораторийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа тус эмнэлэг дээр боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа, Кореа их сургуулийн эмнэлгүүдийн ерөнхийлөгч, Ази Номхон далайн орнуудын Зүрхний хэм алдагдлын холбооны ерөнхийлөгч Ким Юн Хун зэрэг албаны хүмүүс оролцов.

Эмнэлгийн хамт олон Монгол улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх “Эрүүл чийрэг Монгол хүн” мөрийн хөтөлбөрийн “Эх орондоо чанартай оношилгоо, эмчилгээ хийлгэх боломжийг бүрдүүлэх”; “Монгол хүний эрүүл мэндийн эрсдлийг бууруулах” зорилтуудын хүрээнд Монгол улсад анх удаа зүрхний хэм алдагдлын өвчнийг эмчлэх үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Тус эмнэлэг 2016-2017 онд зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг шаталсан төлөвлөгөөтэйгээр нэвтрүүлж цаашид гадаад оронд илгээх өвчний жагсаалтаас зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг хасуулах бодлого чиглэлийг хэрэгжүүлэн ажиллана.