“Эмнэлгийн захиргааны нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулагдлаа

Эмнэлэг дээр зохион байгуулагдаж байгаа “Эмнэлгийн удирдлагын нээлттэй сарын аян”-ы хүрээнд 04 сарын 26-ны өдөр эмнэлэг дээр “Эмнэлгийн захиргааны нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг эмнэлгийн захиргаанаас зохион байгуулан явуулав.

Өдөрлөгийн үеэр захиргааны албадууд өөрсдийн албаны үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаагаа танилцуулж, албаны ажилтнуудын харилцааны соёл, ёс зүй, үйлчилгээний чанар, үр дүнгийн талаар санал асуулга авч, эмч ажилтнуудад газар дээр нь шаардлагатай зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллалаа.

Өдөрлөгт эмнэлгийн 400 гаруй эмч, ажилтнууд оролцсон бөгөөд давхардсан тоогоор 859 эмч, ажилтан захиргааны албадын үйлчилгээг авсан байна.

Өдөрлөгийн үеэр эмнэлгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Сахилга дэг журам, үйлчилгээг сайжруулая” аяны дүнг танилцуулан аянд идэвхтэй оролцсон тасаг, нэгжийг шагнаж урамшуулав. Аяны дүнгээр Чих хамар хоолойн мэс заслын тасаг, Мэдрэл судлалын тасаг, Эмнэлгийн соёл үйлчилгээний алба 1-р байр, Даатгал, бүртгэл мэдээллийн алба, Эм зүйн алба, Гемодиализ эмчилгээний тасаг 2-р байр, Сувилахуйн алба, Харвалтын тасаг, Инженер техник, аж ахуйн алба 3-р байрыг тус тус эзэлсэн байна.

Энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаа нь байгууллагын ил тод байдлыг хангах, хэрэглэгч үйлчлүүлэгчдэд хүргэх үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, эмнэлгийн ажилтнуудын ажлын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Дашрамд дурдахад тус эмнэлгээс ирэх 6-р сард эмнэлгийн үйлчилгээг иргэд үйлчлүүлэгчдэд хөнгөн шуурхай үзүүлэх, үйлчилгээний мэдээлэл, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн “Хэрэглэгчдэд хүрсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулахаар бэлтгэж байна.