П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Нэгдсэн лабораторийн лавлагаа лаборатори магадлан итгэмжлэгдлээ

П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Нэгдсэн лабораторийн Гематологи, биохимийн лавлагаа лаборатори MNS ISO/IEC 17043:2010 стандартын дагуу 2013 оны 04 сарын 30-ны өдөр магадлан итгэмжлэгдлээ.

Монгол улсад чанарын баталгаажилтын лавлагаа лаборатори байгуулан, гематологи, биохимийн шинжилгээний чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх зорилгоор П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн лабораторийг түшиглэн ЭМЯ, Япон улсын Сисмекс корпорацитай 2008 оноос эхлэн хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж ирсэн билээ.

Япон улсын Сисмекс корпораци П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн лабораторид чанарын гадаад хяналт явуулахад шаардлагатай нийт 400 орчим сая төгрөгийн гематологийн 3 төрлийн анализатор, биохимийн 1 анализаторыг “Стандарт” анализатор болгон буцалтгүй тусламжийн хүрээнд суурилуулан эмч, мэргэжилтнүүдийн сургалтыг зохион байгуулж ирлээ.

Стандарт анализаторуудын дотоод хяналтын материал, оношлуур, гематологи, биохимийн шинжилгээний чанарын гадаад хяналтын материалаар Сисмекс корпораци гэрээний дагуу үнэ төлбөргүй хангаж байна.

2008 оноос эхлэн, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн лабораториудыг гематологийн шинжилгээний чанарын 10, биохимийн 4 удаагийн гадаад үнэлгээнд хамрууллаа. Чанарын хяналт-үнэлгээ явуулсан тухай бүр ЭМЯ, Япон улсын Сисмекс корпорацитай хамтран нийт лабораторийн эмч, мэргэжилтний дунд олон улсын сургалт-семинар зохион байгуулан чанарын гадаад үнэлгээний тайлан, дүнг танилцуулж, хяналтанд оролцогсдод гэрчилгээ, үнэлгээний хуудас, тайлангийн номыг хүргэж ирлээ.

Гематологи, биохимийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээний статистик боловсруулалтыг олон улсын стандартын дагуу хийж, хяналтын дүн нь зөвшөөрөгдөх хязгаараас гарсан үзүүлэлттэй лабораторид газар дээр нь очиж алдааг нь илрүүлж засах, шинжилгээний чанарыг сайжруулахын тулд ажлын байран дээр нь сургалт явуулан, хамтран ажиллаж байна.

Чнарын гадаад үнэлгээний явцад оролцогч лабораториудын тоо аажим нэмэгдсэн ба энэ нь лабораторийн эмч, мэргэжилтний шинжилгээний чанарын тухай ойлголт гүнзгийрч хандлага нь эерэгээр өөрчлөгдсөнийг харуулж байна.

Гематологийн шинжилгээний удаа дараагийн чанарын гадаад үнэлгээний дүнгээс хяналтын зөвшөөрөгдөх хязгаараас гарсан лабораториудын тоо буурах хандлага ажиглагдаж, шинжилгээний дүнгийн хэлбэлзлийн коэффициент 14.5%-иас 10.2% болж буурсан нь лабораториуд шинжилгээний чанарыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж эхэлсний үр дүн гэж үзэж байна.

Биохимийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээг 4 удаа явуулснаар ЭМЯ, Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл, лабораторийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж шинжилгээний чанарыг сайжруулахын тулд нэн даруй авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тогтоон ажиллаж эхэллээ.