“Зүрхний Эмгэгийн Үеийн Сувилахуйн Тусламж Үйлчилгээний Цогц Шийдэл” сэдэвт сургалтын семинарын мэдээлэл

Зүрх судасны эмгэг, тэр дундаа зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг дутагдлын үеийн тусламж үйлчилгээний чухал хэсэг нь сувилахуйн тусламж үйлчилгээ байдаг. Зүрх судасны эмгэг нь сүүлийн 20 жилд хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт, хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааны эхний гуравт, 2013 оны байдлаар нийт нас баралтын 35,1 хувь буюу Монгол улсын хүн амын 3 хүн тутмын нэг нь зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаантай нас баралт байгаа нь манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болж байна. Тиймээс Улсын Гуравдугаар Төв эмнэлгээс хоёр дахь жилдээ зүрх мэдрэлийн сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэлээр 2016 оны хувьд “Зүрхний эмгэгийн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдвээр зохион байгуулж Зүрхний төв МОН 005 төсөл ивээн тэтгэж ажиллав.

Энэхүү сургалтын гол зорилго нь зүрх судасны эмгэг ялангуяа зүрхний цочмог шигдээс, зүрхний архаг дутагдлын үеийн сувилахуйн тусламж үйлчилгээнд нэвтэрч буй орчин үеийн ололт амжилттай танилцаж харилцан туршлага солилцох, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахд өнөөдрийн тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх сувилахуйн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна. Сургалт сименарыг Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир нээж, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа , Зүрхний төвийн дарга Д.Мөнгөнчимэг, ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Сү Нюнт-У , ОУ-ын Эрүүл мэндийн сургалтын төвийн ерөнхий нарийн бичгийн дарга Энни Чен, Тайваны Зүрхний сувилагч Ву Юи –Хуа , БНСУ-ын Ионсей их сургуулийн багш доктор Лее Вон Хий, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, СБТГ-ын дарга Р.Оюунханд, ХШҮДАГ –ын дарга С.Төгсжаргал , ЭМБЗГ-ын дарга С.Энхболд,ЭМСЯ-ны Тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа, ЭМСЯ-ны Сувилахуйн тусламж үйлчилгээний бодлогыг хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн С.Алтанбагана, ЭМСЯ-ны Сувилахуйн Ерөнхий мэргэжилтэн Д.Солонго , Сувилахуйн нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн, ШУГТЭ-ийн удирдлагууд болон хот хөдөө орон нутгийн нийт 180 гаруй сувилагч тусгай мэргэжилтэн оролцлоо.

Сургалт семинар хоёр өдөр үргэлжлэж сувилагч, мэргэжилтнүүд өөрсдийн гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, судалгаагаа хэлэлцүүлж хамтран туршлага солилцож улмаар Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасаг, Эрчимт эмчилгээ Яаралтай тусламж, Сэргээн засах тасгуудад зүрх судасны өвчний үеийн сувилахуйн цогц шийдэл дадлага сургалтыг багаар хийж сургалтын дараа хамтарсан зөвлөмжийг гаргалаа.