Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий Сайдын айлчлал

Улаанбаатар хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцохоор ирсэн Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий Сайд ноён Ксавие Бэттэл, түүнийг дагалдан Люксембургийн Гадаад болон Европийн Хэргийн Яамны төлөөлөл, Монгол улсын Эрүүл мэнд, Спортын сайд С.Ламбаа болон бусад албаныханын хамт Шастиний нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт айчилж, тус эмнэлэг дээр төвлөрөн, Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хэрэгжиж байгаа Люксембургийн Их Гүнт Улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа “Зүрх Судасны Төв, Эх Нярайн Эрүүл Мэнд ба Цахим Эрүүл Мэндийн Өргөжил” МОН/005 төслийн хэрэгжилт, үр дүнтэй танилцлаа.

Люксембургийн засгийн газар нь Монгол улсад сүүлийн 20 жил хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсоор ирсэн зүрх судасны өвчлөл, нас баралтыг бууруулах, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг орон даяаар жигд хөгжүүлэх үйлсэд тууштай дэмжлэг үзүүлж 2001 оноос хойш өнөөг хүртэл “Зүрх судасны төв” төслийг 3 үе шаттай хэрэгжүүлэн нийт 12,685,300 Еврогийн буцалтгүй тусламжийг үзүүлж ирсэн юм.

ШУГТЭ-ийн дарга Ц.Төмөр-Очир зочдыг хүлээн авч тус эмнэлгийн тухай товч танилцуулга хийж, Люксембургийн засгийн газрын олон жилийн хамтын ажиллагаа, өгөөмөр хөрөнгө оруулалт тус эмнэлгийг үндэсний хэмжээний зүрх судасны лавлагаа төвтэй болтол хөгжихөд голлох үүрэг үзүүлсэнийг онцлон тэмдэглэлээ. Үүний дараа Зүрхний төвийн дарга бөгөөд Төслийн үндэсний зохицуулагч Д.Мөнгөнчимэг Люксембургийн засгийн газрын дэмжлэгээр 21 аймаг, 9 дүүрэг, ШУГТЭ-ийн түвшинд хүрсэн үр дүнгүүдийг танилцууллаа. Дараа нь зочид ШУГТЭ-ийн Зүрхний мэс заслын жигүүр, зүрхний мэс заслын өрөө, ангиографийн лабораторид зочилж, Зүрхний төвийн эмч мэргэжилтнүүд болон төсөлд хамрагдсан 21 аймаг, 9 дүүргийн эмч нарын төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцлоо.

Зочид төлөөлөгчид төслийн хэрэгжилттэй танилцсаны дараа Эрүүл мэнд, Спортын сайд С.Ламбаа Люксембургийн их гүнт улсын Ерөнхий сайдад болон хүрэлцэн ирсэн хүндэт зочдод хандан талархал илэрхийлж үг хэлэв. Мөн Люксембургийн зүрхний төвийн дарга, тус төслийг анхлан санаачлан боловсруулсан Доктор Жон Байзел Монгол улсад 15 дахь жилдээ амжилттай хэрэгжиж буй уг төслийн түүхэн хөгжил, үр дүнгийн талаар үг хэлэв.

Люксембургийн их гүнт улсын Ерөнхий сайд ноён Ксавие Бэттэл ШУГТЭ-ийн хамт олон, Зүрх судасны төвийн болон төслийн бүх эмч мэрэгжилтнүүд, тэр дундаа төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа МОН/005 төслийн баг хамт олонд төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж, Монгол улсын Эрүүл мэндийн салбарт үр өгөөж өгч, хүн амын эрүүл мэндийн чанарыг бодитоор сайжруулж буй явдалд талархал илэрхийлээд Люксембургийн засгийн газрын энэхүү тусламж цаашид ч үргэлжлэх хэрэгтэй гэдгийг цохон тэмдэглэлээ.